Энэ долоо хоногт дэлхий дахинаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 16

Өнгөрч буй долоо хоногт ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форум олон нийтийн анхаарлын төвд байлаа. Гурван хоног үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр нийт 3 триллион рублийн гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневын мэдэгдсэнээр нийт 2.9 триллион рублийн өртөг бүхий 175 хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Оросын энэхүү арал дээр Оросын анхны оффшор бүс бий болж, роботон техник, жолоочгүй тээвэр, дэвшилтэт биотехнологи, нано технологийн эх өлгий буюу Оросын “цахиурт хөндий” болох зорилт тавьлаа. Тус форумд анх удаа БНХАУ-ын дарга Ши Жинпин оролцсон бөгөөд ОХУ, БНХАУ-ын тэргүүн нарын хэлэлцээний үеэр хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохирчээ. ДЭЗФ-ын үеэр байгуулагдаж байсан ийм төрлийн Орос, Японы хамтарсан сангийн шугамаар 100 гаруй хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байжээ.

Оросын хувьд Япон улс чухал түнш гэж В.Путин мэдэгдэж сайн хөршийн харилцаа, харилцан хүндэтгэл, нийтлэг сонирхолын зарчим дээр тулгуурлан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа тэрбээр тус форумын нэгдсэн хуралдаан дээр нотолсон байна.

Монгол Улс баруунаас дорнод руу, дорнодоос баруун руу чиглэсэн транзит тээврийн зангилаа болох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд далайд гарцгүй улсын хувьд Оросын Алс Дорнодын боомтуудаар дамжуулан дэлхийн зах зээлд хүрэх ихээхэн сонирхолтой байгаа юм.

Тус форумын үеэр Өмнөд Солонгосын тал Оросын боомтуудын дэд бүтцэд хөрөнгө оруулахад бэлэн буйгааа мэдэгдэж хойд хөршийнхөө газар нутгаар дамжуулан Орос руу төмөр зам татах хэтийн зорилготойгоор илэрхийлэв.

ДЭЗФ-тай зэрэгцэн Алс Дорнодын Холбооны Тойрогт эхэлсэн Оросын орчин цагийн түүхэнд хаймгийн томд тооцогдох “Восток-2018” цэргийн сургуулилт дэлхийн нийтийн анхаарлыг татлаа.

Цар хүрээгээрээ сүүлийн 37 жилд хамгийн нүсэр гэгдэж буй тус сургуулилтад 300 мянга орчим цэрэг, нэг мянга гаруй цэргийн онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 36 мянга орчим хуягт машин, ойролцоогоор 80 усан онгоц, хөлгүүд оролцсон юм. “Восток-2018” сургуулилтад мөн Хятад, Монгол улсын зэвсэгт хүчний ангиуд оролцжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Жэймс Мэттис ОХУ болон Хятад улсыг цэргийн холбоо байгуулж чадах магадлал багатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Орос, Хятад хоёр хамтарсан томоохон цэргийн сургуулилт хийж байгаа ч цэргийн холбоотон болох боломжгүй гэж тэрбээр “The Washington Post”-д ярьсан аж. Ж.Мэттис “Энэ хоёр орон өөрийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байна гэж би бодож байна. Орос, Хятадыг холбох удаан хугацааны зүйл бага байна гэж харж байна” гэсэн байна.

Өнгөрч буй долоо хоногт Солонгосын хойгийн асуудал дээр итгэл найдвар төрүүлсэн алхмууд хийгдэв. Цагаан Ордны мэдээлснээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад халуун дулаан үгтэй захидал ирүүлжээ.

Энэхүү захидлын өнгө аясаас үзвэл Пхеньян цөмийг зэвсгээс татгалзах чин эрмэлзэлтэй буйг нотолж байна гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч С.Сандерс онцоллоо. Мөн энэхүү захидалдаа Ким Чен Ун Д.Трамптай дахин уулзах хүсэлтээ илэрхийлж дээд хэмжээний уулзалтын товыг тогтох талаар бичсэн хэмээн тэрбээр дурдсан юм.

Баасан гарагт БНСУ, БНАСАУ-ын хамтарсан зохицуулах хорооны нээлтийн ажиллагаа Кэсон хотноо болж Өмнөд болон Умард Солонгос улсууд өдрийн 24 цаг, жилийн 365 өдрийн туршид солонгос хорондын харилцаа, Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлттэй холбоотой бүхий л асуудлаар шууд харилцах боломжтой боллоо. Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу Ням гарагт  Өмнөд Солонгосын  93 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх долоо хоногт болох БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Пхеньян хотын зүг зорилоо.

Сири дэх нөхцөл байдал мөн олон улсын анхаарлыг татсан хэвээр байв. Даваа гарагт Пентагоны төлөөлөгч АНУ-ын Агаарын зэвсэгт хүчин фосфорын бөмбөг ашиглан Сирийн Дейр-эз-Зор мужид цохилт өгсөн тухай ОХУ-ын батлан хамгалах яамны гаргасан мэдэгдэлийг няцаасан. АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Шон Робертсон тус бүс нутаг дахь АНУ-ын армийн нэгтгэлд энэ төрлийн зэвсэг байхгүй гэж онцолж байв. Үүнээс хойш 2 хоногийн дараа АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли АНУ-ыг дахин хүч хэрэглэх шийдвэр гаргатал оролдох хэрэггүйг сануулжээ. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд АНУ хүч хэрэглэхэд бэлэн байгаа аж. “Биднийг дахиад турших хэрэггүй” гэж Никки Хэйли “Fox News” телевизийн эфирээр ярьжээ. Тэрбээр Сирийн армийн дайчид Идлиб мужид цохилт өгөхөөр бэлтгэж байгаа асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн хуралдаанаар авч хэлэлцсэнийг хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ тус улсад хүмүүнлэгийн тусламж хүргүүлсэн бол энэ долоо хоногт Израилийн батлан хамгаалах хүчин Сиритэй залгаа хил орчмынхоо бүс нутагт үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон талаар мэдэгдэв. “Times of Israel”-д мэдээлснээр Сирийн өмнөд хэсэг Засгийн газрын цэргүүдийн хяналтад эргэн орсны дараа Израиль улс тусламжаа зогсоох шийдвэр гаргасан байна.

Израиль улс 2013 оноос эхлэн Сири рүү 1.7 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн, 1.1 сая литр түлш нийлүүлжээ.

Афганистан дахь нөхцөл байдал хурцадмал хэвээр. Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны хойд хэсгийн Жаузжан мужийн нэгэн дүүргийг эзлэн авч орон нутгийн албан тушаалтны хэлснээр ширүүн мөргөлдөөний эцэст тус мужийн Хам Ааб дүүрэг талибуудын хяналтанд оржээ.

9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө талибууд Кундуз мужийн нэгэн дүүргийн хяналтын бүс рүү дайрсны улмаас Афганистаны аюулгүй байдлын хүчний 15 алба хаагч амь үрэгдэж 18 алба хаагчид шархаджээ.

Одоогийн байдлаар Афганистанд засгийн газрын хүчнийхэн, “Талибан” хөдөлгөөний босогчдын дунд мөргөлдөөн болж байгаа бөгөөд талибууд тус улсын орон нутгийн ихэнх хэсгийг эзлэн авч томоохон хотууд руу давшиж байгаа билээ.

Тус нутагт мөн алан хядагчдын “Лалын улс” бүлэглэл өөрийн нөлөөгөө бэхжүүлж байгаа бөгөөд хэд хэдэн удаа халдлага болсон билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88(66.181.190.27) 2018 оны 09 сарын 16

munkhnaran eejee

0  |  0
Top