АНУ: Оросын онгоц сураггүй болсонд бид хамааралгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

  Оросын “Ил-20” онгоц өчигдөр орой Сирийн эргээс 35 км-ийн зайд Газар дундын тэнгис орчим алга болсон билээ. Хмеймим агаарын цэргийн бааз руу эргэн ирж байсан уг онгоцонд 14 цэргийн алба хаагч явсан аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар “Ил-20” онгоц нь Израилийн дөрвөн “F-16” сөнөөгч онгоц Сирийн Латакиа руу дайралт хийх үеэр хяналтын дэлгэцнээс алга болжээ. Мөн Оросын онгоц алга болохтой зэрэгцэн тус бүс нутагт Францын “Овернь” цэргийн усан онгоцноос пуужин хөөргөсөн байна. Энэ нь Оросын агаарын зайн хяналтын радарт ажиглагджээ.

“MarineTraffic” порталд мэдээлж байгаагаар одоогоор “Профессор Николай Муру” аврах онгоц Тартус боомтын ойролцоо эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болоод байгаа “Ил-20” онгоц нь Оросын радио электрон тагнуулын онгоц аж. “The National Interest”-ийн нэрлэснээр ийм онгоцууд нь Оросын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг “нууц зэвсэг” юм.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “Латакиа руу цохилт өгсөн хэрэгт Америкийн цэргийнхэн хамааралгүй. Оросын онгоцыг хэн, хаанаас сөнөөсөн байх магадлалтайг бид мэдэхгүй” гэж мэдэгджээ. Харин Оросын онгоцыг сөнөөсөн байх магадлалтай Израилийн талаас “Бид хилийн чинадаас ямар ч тайлбар хийхгүй” гэсэн байна. Гэхдээ мэдээлэл өгсөн төлөөлөгч нь ярианыхаа өмнө даргатайгаа зөвлөлдсөн нь сэжигтэй байгаа талаар “CNN” агентлаг мэдээлжээ.

“Ил-20” онгоцонд яваа 14 хүний хувь заяа одоогоор тодорхойгүй байна.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.55.191.130) 2018 оны 09 сарын 18

orosuud hariug ni hatuu barinaa..

0  |  0
Top