“Мон-Уран” компанийг захирч дийлдэг газар Монголд байхгүй юмуу. Ингэж асуухаас аргагүйд хүрч байна. Туул голын арын дэнжийг бараг тэр чигээр нь дээрэмдэж, хэдэн жил үргэлжилсэн гомдол тэмцэл иргэдийн дунд бараг тасралгүй үргэлжилсээр байлаа. САПУ-ын “Бөмбөгөр” худалдааны төв шатсаны дараа бас тэндхийн газрыг Г.Алтан захиралтай нь хамтран наймаалалцсан гэх дуулиан гарч л байсан. Үүнийг нь Г.Алтангийн нөхөр Жамъянсүрэн гэрчилж шүүхэд хүртэл дуудагдаж байв. Мань хүн хуучин эхнэрээ “гүтгэсэн” нь тэр юм гэнэ лээ. Гэтэл хотын захирагч асан, одоогийн шадар сайд М.Энхболд тэднийг улаан цээжээрээ хамгаалан баян чинээлэг эхнэртэй хаягдсан хөөрхий муу Жамъянсүрэнг будаа болгож хаяад энэ тухай яриаг дуусгасан юм. Тэгвэл М.Энхболдын ивээлийн хүн гэгддэг “Мон-Уран” компаний захирал Наранхүү түүнийг хотын захирагч байх үед авсан хуучнаар хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан доторхи 1 га газраа улам тэлж 2 га болгох гээд баахан хэл ам дагуулаад цохиж явна. Уг нь түүний дээрэмдэж авсан 1 га газрыг нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн шүүхээр заргалдан эхний удаа хуулийнхны хуйвалдаанд ялагджээ. Харин дараа нь дахин өргөдөл нотлох баримтуудаараа луйварчдад гарцаагүйгээр хариу цохилт хийж өөрийн алдсан өмчийг эргүүлж авсан түүхтэй юм билээ. Авсан ч гэж дээ, шүүхийн шийдвэр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талд гарснаас биш “Мон Уран” эндээс хашаагаа татаж аваагүй, хэвээрээ л эзэмшиж байна. Шүүхийн шийдвэрийн өмнө хэнч ингэж бөх зүрх, бүдүүн хүзүү гаргаад зогсож байх эрхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой өмчийг нь өгөөд мөрөө хөөгөөд явах учиртай. Гэвч Наранхүү тэгдэггүй юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар ч түүний өмнө бөхөлзөн гүйдэг бололтой. Ийнхүү даварсан эр сүүлдээ бүр дээрмээр аваад байгаа газраа тэлж Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглож наадах хүүхдүүдийг хавчин гадуурхахдаа тулжээ. Наранхүүд хууль, хүүхдүүдийн ая тухтай орчин аль аль нь хамаагүй юм байна л даа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )