АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны дайныг улам хурцатгалаа гэж CNN агентлаг бичжээ. Энэ сарын сүүлээр АНУ 200 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараанд 10 хувийн татвар ногдуулахаар болсон бөгөөд оны эцэс гэхэд татварын хэмжээгээ 25 хувьд хүргэнэ гэж Трампын засаг захиргаа өчигдөр орой мэдэгдлээ.
Энэ оны эхээр нийт 50 тэрбум ам.долларын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифийг оруулбал АНУ-д худалдаалагддаг Хятадын нийт бараа бүтээгдэхүүний тэн хагас нь хамрагдахаар болж байна.
Өнгөрсөн 7 дугаар сард АНУ-ын засаг захиргаа татварт өртөх хэдэн мянган бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлсэн ба үүнээс ухаалаг цаг, эрүүл мэндийн болон аюулгүй байдлын эд хэрэгсэл, хүүхдийн манеж зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг хассан аж.
Хэдийгээр Вашингтон, Бээжин хоёр худалдааны яриа хэлэлцээгээ сэргээх тал дээр ажиллаж байгаа ч Ерөнхийлөгч Трамп өөрийн зөвлөхүүддээ 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлыг шамдуулахыг даалгажээ. Трампын энэхүү шийдвэр Хятадын талтай дипломат аргаар асуудлыг шийдэх боломжийг үгүй хийх аюултай гэж CNN агентлаг бичсэн байна. Өчигдөр орой Цагааны Ордноос гаргасан мэдэгдэлд Трамп Хятадын удирдлагуудыг шудрага бус худалдааны арга барилаасаа татгалзахыг шаардсан байна.
Хэрэв Бээжингийн зүгээс ямар нэгэн эсрэг арга хэмжээ авах тохиолдолд илүү ноцтой эдийн засгийн алхмуудыг хийхээр сүрдүүлжээ.
АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин энэ долоо хоногт Хятадын төлөөлөгчдийг Вашингтонд урьж худалдааны яриа хэлэлцээгээ сэргээхийг санал болгосон ч Хятадын тал АНУ дахин тариф ногдуулах аваас татгалзана гэж мэдэгдсэн юм.
Энэхүү мэдээллийн дараа Хятадын худалдааны яам эсрэг арга хэмжээ авахас өөр сонголт алга гэсэн байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
өө яахав Маниас л холуур тэр Дайн дажнаа хийж л байвал Хэн нь ч Ялсан ялгаагүй дээ Хоёр том Гүрэн дайтаж байхад Эр эмийн хооронд Илжиг бүү жороол гэдэг шиг дуугүй л хараад Сууцгаасан нь Өлзийтөй байх өө