ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Газар дундын тэнгист сүйрсэн “Ил-20” онгоцны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар Мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдээлсэн байна. Тэрбээр “Сүйрсэн “Ил-20” онгоцны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн шалгах хорооны байцаагч, шинжээч нар онгоц сүйрсэн газарт ажиллаж байгаа” гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “Ил-20” онгоцыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл сөнөөсөн гэж мэдээлсэн байна. Энэ нь Израилийн агаарын хүчний нисгэгчдийн буруугаас болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг 2015 онд Туркийн цэргийнхэн Оросын “Су-24” онгоцыг сөнөөсөн хэрэгтэй холбон жишихгүй байхыг сануулжээ. Путин түүнчлэн Оросын зүгээс Сирид байгаа цэргийнхнийхээ аюулгүй байдлыг чангатгахаа мэдэгдсэн байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Ил-20” онгоцны сүйрлийн талаар янз бүрээр мэдээлж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг “Эмгэнэлт нөхцөл байдал” гэж хэлжээ. Тэрбээр энэ талаар Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбантай хийсэн уулзалтынхаа дараах хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Путин дараа нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Тель-Авив дахиж ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх ёстойг хэлжээ. Путин “Энэхүү эмгэнэлт явдал нь агаар дахь аюултай ослоос урьдчилан сэргийлэх хоёр талын гэрээ хэлэлцээг мөрдөөгүйгээс болсон” гэсэн байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Оросын онгоц сүйрсэнд эмгэнэж байгаагаа илэрхийлээд болсон явдлыг мөрдөн шалгахад шаардлагатай бүх мэдээллийг хүргэхээ амлажээ. Үүний өмнөхөн Оросын Батлан хамгаалах яамнаас 15 хүнийг үхэлд хүргэсэн сүйрлийн хариуцлагыг Израиль улс хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 0 )