Их Британид хордсон Оросын иргэн хэн болохыг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

  Их Британийн Солсбери хотын ресторанд Оросын иргэд хоол идэж байгаад хордсон гэх мэдээлэл уржигдар гарсан билээ. Тэгвэл Английн хэвлэлүүд хордсон иргэдийн нэрсийг зарлажээ. Тэд бол 30 настай модель Анна Шапиро болон түүний нөхөр Алекс Кинг нар аж. “Sun” сонинд мэдээлснээр Анна Шапиро Оросын Нижний Новгород хотод төржээ. Бүсгүй 2008 онд Лондонд ирсэн байна. Тэрбээр 2006 онд Израилийн паспорт авч, тэр үеэс Оросын иргэн байхаа больсон талаараа ярьжээ. Түүний нөхөр 42 настай Алекс Кинг нь Их Британийн иргэн юм байна.

Тэд ресторанд пицца, загас, ногоо, төмс, вино захиалжээ. Хоолоо идэж дуусах үеэр нөхрийнх нь бие муудсан талаар модель бүсгүй ярьсан байна. Тэрбээр 15 минутын дараа нөхрөө ариун цэврийн өрөөнөөс олоход амнаас нь хөөс гаран хэвтэж байжээ. Дараа нь бүсгүйн өөрийнх нь бие муудсан байна. Тэднийг эмнэлэгт хүргэж, нөхөр нь комд байж байгаад ухаан оржээ. Харин модель бүсгүй эмнэлгээс гарсан байна. Түүнийг одоо зочид буудалд цагдаа нарын хамгаалалт дор байлгаж байгаа аж.

Их Британи дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдээлснээр Лондоны талаас Солсбери хотын ресторанд хордсон хүмүүсийн талаарх мэдээллийг ОХУ-д өгөөгүй гэнэ.

Солсбери хотод өнгөрсөн гуравдугаар сард Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хүчтэй химийн бодисоор хордуулсан хэрэг гарсан билээ. Лондоны зүгээс энэ хэрэгт ОХУ-ыг буруутгадаг юм.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха(203.217.139.226) 2018 оны 09 сарын 19

оросын эсрэг бас нэг зохиомол хэрэг үүсгэх гээ биздээ англи гахайнууд

0  |  0
Top