Кендалл Женнер шуугиант ярилцлагаасаа хойш анх удаа тайзнаа гарлаа

2018 оны 09 сарын 19

Нью-Йоркт хувцас загварын долоо хоног эхэллээ. Дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчид тайзнаа гарах энэ шоунд Кендалл Женнер Burberry-гийн шинэ дизайнер Рикардо Тишигийн шинэ улирлын загваруудыг тайзнаа амилуулжээ. Эхэндээ түүнийг энэ шоунд ирэхгүй байх гэсэн таамаглал байжээ. Учир нь LOVE сэтгүүлд ярилцлага өгөхдөө Кендалл мэргэжил нэгтнүүдээ илт гоочилсон үгс хавчуулсан юм. Үүнийхээ дараагаар хэд хэдэн загварын шоуны тайзнаа гараагүй. Бүр Marc Jacobs-ийн шинэ загварын шоунд ч ирэлгүй өнжсөн.

“Би эхнээсээ л хаана хэзээ тайзнаа гарахаа өөрөө сонгосоор ирсэн. Улирлын турш 30 шоунд гарахын тулд улайран зүтгэж, өөр янз бүрийн дэмий газар очиж зүдэрч явдаг бүсгүйчүүдийн нэг би биш ээ. Тэдэнд амжилт хүсье! Би тайзнаа гарах, кино зураг авалтад оролцох гээд үргэлж маш их ажилтай байдаг. Энэ их ажлын ачаалал намайг ядрааж, бухимдалд хүргэсэн тул эцэстээ амсхийх ёстойгоо ухаарсан. Би яг дэлбэрэх шахаад байлаа” хэмээн Кендалл ярилцлагадаа өгүүлсэн юм. Үүнийхээ дараагаар Кендалл нэг хэсэг олны өмнө гаралгүй алга болчихсон.


Харин загвар өмсөгч бүсгүйчүүд Кендаллыг шүүмжилж эхэлсэн. Загвар өмсөгч Ирина Журанович “Би хэзээ ч ингэж доромжлуулж байсангүй” гэсэн бол Хорватын загвар өмсөгч Фаретта “Женнер өөрөө их залхуу. Тэр алдартай гэр бүлийн гишүүн болохоор бид хичнээн их зүтгэж чармайж байж тайзнаа гарах эрх авдгийг мэдэх ч үгүй” гэжээ. Харин загвар өмсөгч Дарья Строкоус “Бид гэр бүлээ хангалуун амьдруулахын тулд л мөнгө олох гэж хичээдэг. Би хувьдаа нэг улиралд 70 загварын шоунд ч гарсан удаатай. Үүгээрээ бахархдаг” гэжээ.


Ийнхүү загварын ертөнц даяар шуугиан дэгдэж, хэл амаа хурцалж эхэлсэн тул Кендалл уучлалт гуйхад хүрсэн. “Гэр бүл, найз нөхдөөсөө хол, олон шөнө нойргүй хонож, их ачаалалтай ажиллахын хэцүүг би мэднэ. Бие сэтгэлээрээ загвар өмсөгчид маш их ядардаг. Хамт ажилласан хүн бүрээсээ би урам зориг авдаг. Хэзээ ч тэднийг үзэн ядаж, өөнтөглөж байгаагүй. Би та бүхэнд зөвхөн амжилт л хүснэ” гэж Кендалл мэдэгдэхэд хүрсэн юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.192.43) 2018 оны 09 сарын 20

Биеэ тоожээ.

0  |  0
Top