Хятад улс АНУ-тай хийх худалдааны хэлэлцээгээ цуцаллаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

АНУ Хятадын бараанд импортын татвар дахин ногдуулсны дараа БНХАУ худалдааны хэлэлцээгээ цуцаллаа гэж The Wall Street Journal хэвлэлд бичжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ-ын эл тактик тус хоёр улсын хамтын ажиллагаанд саад учруулах юм. Бээжин хэлэлцээг дарамт дор хийхээс залсхийх үүднээс ийнхүү татгалзаж байгаа аж. Гэхдээ Хятадын тал хоёр талын хэлэлцээг ирэх сард хийх боломжийг нээлттэй үлдээжээ.

Долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан Хятадын 20 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд хэрэгжиж эхэлсэн билээ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн импортын татвар 25 хувь хүртэл нэмэгдэх юм. Хятадын зүгээс хариуд нь Америкийн 60 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5.2 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын татварыг өнөөдрөөс эхлэн ногдуулах юм.

Энэ оны зургаадугаар сараас эхлэн АНУ Хятадын нийт 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж, хариуд нь Хятад улс тэр хэмжээний үнийн дүн бүхий Америкийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаар АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдсэн юм.

Үүний дараа наймдугаар сард АНУ нэмж 16 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан бөгөөд яг ижил хариу арга хэмжээг Хятадын зүгээс авсан юм. Вашингтоны тооцоолсноор хоёр улсын худалдаанаас АНУ 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа нь АНУ-ын дүргүйцлийг төрүүлээд байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top