”Тав”-ын бүлэг: Иранд хийж буй бизнесийг хамгаалах шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

“Тав”-ын бүлэг буюу Ираны цөмийн гэрээнд оролцогч талууд Тегеран гэрээний бүх нөхцлийг биелүүлж байгаа тул цаашид эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдээллээ. Энэ тухай ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Федерика Могерини Хамтарсан үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөнд оролцогч “Тав”-ын бүлэг буюу ОХУ, Герман, Их Британи, Хятад, Францын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.

Тус уулзалтаас гарсан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар оролцогч талууд Ираны Арак хот дах судалгааны реакторыг шинэчлэх, Фордо дахь объектыг цөмийн технологи, физикийн судалгааны төв болгон өөрчлөх, энхийн атомын хэрэглээний салбарын төслүүдэд үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлэх юм. Гэрээнд оролцогчид мөн Ирантай бизнес эрхэлж буй компанийн эрх ашгийг хамгаалах байр суурийг баримталж буйгаа илэрхийлжээ. Үүний тулд тусгай механизмыг бий болгож бусад улс орнуудын оролцоог хангах аж. Могеринигийн хэлснээр гэрээг хэвээр авч үлдэх үүднээс Ирантай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа “Тав”-ын бүлэг илэрхийлж Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нь гэрээний чухал хэсэг болохыг нотолжээ. Иранд бизнес хийж буй олон улсын компаниудыг хамгаалах, Ираны газрын тос, байгалийн хийн экспортыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Есдүгээр сарын 24-нд Нью Йорк хотноо Ираны асуудлаарх гэрээнд оролцогч улс орнуудын сайд нарын уулзалт болсон бөгөөд энэ нь тус гэрээнээс АНУ гарснаас хойш болж буй хоёр дахь уулзалт юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top