Роналду, Месси хоёрын ноёрхлыг Модрич зогсоолоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Хорватын хөлбөмбөгчин Лука Модричийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр тодрууллаа. Ингэснээр 33 настай хөлбөмбөгчин Аргентины Лионель Месси, Португалийн Криштиану Роналду хоёрын сүүлийн 11 жилийн ноёрхлыг таслан зогсоолоо.  

ФИФА-гийн шилдгүүдийг тодруулах ёслол есдүгээр сарын 24-ний өдөр Лондон хотноо болж шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин, шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч, шилдэг хаалгач, шилдэг гоолын эзэн болон шилдэг хөгжөөн дэмжигчид гэсэн долоон шагналын эздийг тодруллаа.

Шилдгүүдийг тодруулах санал асуулгын сүүлийн шатанд Модрич Роналду болон Египтын Мохаммед Салахыг ардаа орхисон бөгөөд Хорватын хөлбөмбөгчин 29.05 хувийн санал авсан бол Роналду – 19.08 хувь, Салах – 11.23 хувийн санал авчээ. 2006 оноос хойш Месси анх удаа сүүлийн шатанд шалгараагүй байна. Испаны Барселон багийн довтлогч тэрбээр өмнө нь 5 удаа дэлхийн шилдэгээр тодорч, ФИФА-гийн оны шилдэг тоглогчоор (2009) нэг удаа шалгарч, Алтан бөмбөгийг 4 удаа (2010-2012, 2015) хүртэж байв.

2017/2018 улиралд Хорватын хөлбөмбөгчин Мадридын Реал багийн бүрэлдэхүүнд тоглож Аваргуудын лигийн ялагч болсон бол ОХУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын багтай финалд орсон хэдий ч француудад 2:4 оноогоор ялагдсан билээ. УЕФА Модричийг улирлын шилдэг тоглогчоор мөн нэрлэсэн юм.

Лондонд болсон ёслолын арга хэмжээнд Месси, Роналду хоёр хоюулаа ирээгүй байна. Сонирхолтой нь, санал асуулгад Месси Роналдуг гуравдугаар байранд бичсэн бол Португалийн хөлбөмбөгчин Мессийг шилдэг гуравт багтаагаагүй аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

       

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.90.98) 2018 оны 09 сарын 25

albaar hvcheer zogsooj modriched uguw

0  |  0
Top