Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын НҮБ-ын индрээс зарласан Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ нь нэг талынх тул олон улсын эрх зүйн үүднээс хууль бус" гэж НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Түүний хэлснээр Венесуэлийн эдийн засаг, улс төр, дипломат алба, хэвлэл АНУ-ын Засгийн газрын түрэмгийллийн золиос болж байгаа бөгөөд энэ нь Венесуэл улс ард түмнийхээ түүхэн үндэс угсаа, бүс нутгийн соёл дээр тулгуурласан өөрийн гэсэн онцлог загвар бүхий нийгмийг цогцлоохоор шийдсэнтэй холбоотой гэж үзжээ. Түүнчлэн, "Венесуэл улс газрын тосны тогтоогдсон нөөцийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсч, Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийг үндэслэж, мөн 100 гаруй жилийн турш газрын тос олборлож байгаа нь АНУ түрэмгий бодлого явуулах бас нэг шалтгаан нь болж байна" гэж тэрбээр тэмдэглэжээ.
Газрын тосноос гадна тус улс алтны тогтоогдсон нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх магадлал өндөр байгааг тэрбээр нэмж хэлээд, байгалийн хийн тогтоогдсон нөөцийн хэмжээгээр дэлхийд дөрөвт ордгийг сануулжээ.
Саяхан АНУ тус улсын зургаан иргэнд хориг тавьсан бөгөөд тэдний дотор Венесуэлийн тэргүүн хатагтай багтсан юм.
НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахад бэлэн буйгаа нотолжээ. Үзэл санаа, нийгэм, түүхэн ялгааг үл харгалзан Мадуро Трампын гарыг барьж, хэлэлцээний ширээний ард хамт сууж, бүс нутгийн болон хоёр талын асуудлыг хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ.
Өмнөх өдөр нь Д.Трамп НҮБ-ын индэр дээрээс Венесуэлд эдийн засаг, улс төрийн хүндхэн нөхцөл байдлыг үүсгэсэн хэмээн Мадурог хүчтэй шүүмжилсэн юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )