Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзалт хийж, Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх, чөлөөт худалдаа, олон талт оролцоог дэмжих асуудлаар санал солилцлоо.
Хятадын тал ДХБ-ын шинэчлэлийн явцыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шинэчлэл нь ДХБ-ын үндсэн зарчим, үнэт зүйлсэд нийцсэн, ялангуяа хөгжиж буй орнуудыг онцлон авч үзэх ёстой гэж Ван И хэллээ. Шинэчлэлээр дамжуулан хөгжиж буй орнуудыг бодлогоор дэмжих шаардлагатай бөгөөд шинэчлэл нь нээлттэй, тунгалаг, тус байгууллагын бүх гишүүн орнуудыг хамарсан байх учиртай гэж тэрбээр мэдэгджээ.
Хятадын тал олон талт оролцооны зарчим, чөлөөт худалдаа, олон улсын эрх зүйн болон олон улсын харилцааны зарчмыг тууштай баримтлахын төлөө байгаа бөгөөд дэлхий ертөнцөд “ширэнгийн хууль” дахин үйлчлэх ёсгүй гэж тэрбээр нэмж хэллээ.
ОУВС БНХАУ-тай түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна гэж Лагард хэллээ. Олон талт оролцоо, олон улсын худалдааг дэмжих нь ОУВС-гийн зорилго юм. Өнөөгийн нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагаа олон талт худалдааны системийг хамгаалах, олон улсын худалдааны зарчмыг дагаж мөрдөх, маргаантай асуудлыг зөвшөлцлийн замаар шийдвэрлэхэд чиглэгдэх ёстой гэж Лагард онцлон тэмдэглээд, ОУВС Хятад улстай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн хэмээн илэрхийлжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )