Хятадад шувууны томуугийн H5N6 вирусийн халдвар авсан тохиолдол гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Шувууны томуугийн H5N6 вирусээр хүн халдварласан энэ оны анхны тохиолдол БНХАУ-ын Гуандун мужид бүртгэгдсэн тухай Хонгконгийн RTHK суваг өнөөдөр /2018.10.01/ мэдээллээ.

Аминд онц аюултай энэхүү вирусээр Гуанжоу хотын 22 настай иргэн өвчилсөн нь тогтоогдсон бөгөөд өвчний шинж тэмдэг нь есдүгээр сарын 25-наас эхлэн илэрсэн байна. Тэрбээр есдүгээр сарын 26-ны өдөр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байна. Халдвар авахаасаа өмнө тэрбээр гэрийн тэжээмэл шувуутай харьцаж байсан аж. 2014 оноос хойшхи хугацаанд их газрын Хятад улсад ийм төрлийн вирусийн халдварын тохиолдол 21 удаа /Хүнд халдсан/ бүртгэгджээ.

БНХАУ-ын хөдөө аж ахуйн яам Гуйжоу мужид H5N6 вирусын халдвар дэгдсэн тухай өнгөрсөн бямба гараг буюу есдүгээр сарын 29-ний өдөр мэдээлсэн. Есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 5297 шувуу халдварлаж, 4948 шувуу үхсэн байна.

Хятадын эрх баригчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л шаардлагатай арга хэмжээ авсан ч хүн халдварлахаас сэргийлж чадсангүй. Энэ жил Хятадад шувууны томуугийн өөр хэлбэр болох H7N4 вирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Тус улсад шувууны томуугийн H7N9 хэлбэрийн вирусээр өвчлөх тохиолдол илүү бүртгэгддэг бөгөөд 2013 оноос хойш энэхүү вирусийн халдварын улмаас 600 орчим хүн нас барсан байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top