Испаны Каталон мужийн тусгаар тогтнолыг дэмжигчид тусгаар тогтнолын талаар явуулсан бүх нийтийн санал хураалтын нэг жилийн ойг тохиолдуулан өргөн хэмжээний эсэргүйцлийн арга хэмжээг явуулж байна. Энэ хүрээнд тэд Францтай холбодог өндөр хурдны төмөр зам, Каталон дах автозамууд, Барселон хот болон Каталоны бусад хотуудын гудамжуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байна.
“Бүгд найрамдах улсыг хамгаалах хороонууд” нэртэй салан тусгаарлах байгууллага өөрийн твиттер хуудаснаа зам, харилцаа холбоог хааж буйг харуулсан гэрэл зургуудын байршуулжээ.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Каталон мужийн тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулсны нэг жилийн ой тохиож байна. Санал хураалтад тус мужийн хүн амын 43 хувь оролцсоноос 90 хувь нь Испанаас тусгаар тогтнохын төлөө саналаа өгчээ. Испаны засгийн газар, Үндсэн хуулийн цэц нь санал хураалтыг хууль бус гэж үзсэн хэдий ч аравдугаар сарын 27-ны өдөр Каталоны парламент санал хураалтын дүнг үндэслэн тусгаар тогтнолоо зарласан билээ. Аравдугаар сарын 28-ны өдөр Испаны засгийн газар Сенатын зөвшөөрөлтэй тус өөртөө засах мужид шууд хяналтаа тогтоож, парламентыг нь тараасан юм. Үймээн самуун дэгдээж, улсын хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Каталоны хуучин удирдлага, салан тусгаарлах байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд болон парламентын удирдлагын эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Каталон муж нь эдийн засгийн хувьд Испаны хамгийн хөгжилтэй мужуудын нэгд ордог. Испаны ДНБ-ий 24 хувь тус мужид ногддог бөгөөд 2016 онд тус мужийн ДНБ 223.6 тэрбум еврод хүрч байжээ. Мөн онд Каталоны экспортын хэмжээ 65.1 тэрбум еврог давж, Испаны нийт экспортын 25.6 хувийг бүрдүүлсэн байна. 2016 онд Каталон мужид оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4857 сая еврод хүрчээ. Мөн тус муж жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд 2016 онд 18 сая жуулчныг хүлээн авсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )