Иранд хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 42 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Иран улсад хуурамч согтууруулах ундаа уусны улмаас дор хаяж 42 хүн амиа алдсан тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Эх сурвалжийн өгүүлснээр хууль бус согтууруулах ундааны наймааны золиос болсон 16 хүн сохорч, 170 хүн цус цэвэрлэх эмчилгээнд оржээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд тус улсын 5 мужид нийт 460 хүн хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хамгийн залуу нь 19 настай охин байжээ.

Согтууруулах ундааг хуулиар хориглосон Иран улсад хууль бус согтууруулах ундааны наймаа ихээхэн дэлгэрсэн байдаг аж. Метилийн спиртээр архи үйлдвэрлэх явдал элбэг тохиолддог байна.

Өнгөрсөн долоо хоногт Бандар Аббас хотын цагдаа гэртээ хууль бусаар архи үйлдвэрлэсэн хоёр хүнийг баривчилсан байна. ВВС агентлагийн мэдээлснээр Иран улсад урьд өмнө нь хуурамж архи хэрэглэсний улмаас ийм олон тооны хүн амиа алдсан тохиолдол гарч байгаагүй юм байна. АНУ Иран улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгасан нь энэ хэрэг явдалд нөлөөлсөн байх магадлалтай гэж тус агентлагийн шинжээчид үзэж байна.

Ираны валютын ханш ихээхэн унасны улмаас хүмүүс үнэтэй импортын согтууруулах ундаанаас татгалзаж, илүү хямд гэрийн аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа худалдан авхад хүргэж байна. Албаны эх сурвалжийн мэдээгээр Иранд жилд 730 сая ам.долларын үнэ бүхий 80 сая литр архи, согтууруулах ундаа хууль бусаар борлуулагддаг гэсэн тооцоо байдаг байна.

1979 оны хувьсгалаас хойш тус улсад лалын шашинтан архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд 80 удаа ташуурдах шийтгэл ногдуулдаг байна. Гэхдээ өөр шашинтай иргэдэд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, хэрэглэхийг зөвшөөрдөг аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top