ХАЛДЛАГЫН ДАРААХ САНУУЛГА: Эдгээр тохиргоог “Facebook”-тээ заавал хий

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

  “Facebook”-д хаяггүй хүн гэж бараг байхгүй. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй энэхүү цахим сүлжээ хэдхэн хоногийн өмнө хакеруудын халдлагад өртсөн билээ. Нийт 90 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаа “Facebook” компани хүлээн зөвшөөрсөн. “Facebook” компани жилийн өмнө мөн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиантай холбоотойгоор энэхүү цахим сүлжээг үндэслэгч Марк Зукерберг АНУ-ын Конгресст дуудагдаж мэдүүлэг өгч байсан билээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон халдлагыг “Facebook”-ийн түүхэн дэх хамгийн том халдлага гэж олон улсын мэргэжилтнүүд тодорхойлж, хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Харин компанийн зүгээс нэг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, мессеж, банкны картын мэдээлэл алдагдаагүй гэж мэдэгджээ. Гэхдээ та аюулгүй байдлынхаа үүднээс дараах тохиргоог заавал хийж хувийн мэдээллээ хакеруудаас хамгаалаарай.

Setting->Security Login цэс рүү орж нууц үгээ заавал солиорой. Хакерууд ямар зорилготой нь мэдэгдэхгүйгээр олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтрэхийг оролдож байгаа энэ үед нууц үгээ зайлшгүй солих шаардлагатай. Магадгүй та нууц үгийн мэдээллээ хакеруудад алдчихаад байгаа ч юм билүү.

Хакеруудын халдлагад Instagram өртсөн эсэх нь тодорхойгүй байгаа ч аюулгүй байдлаа хангаж Instagram-аа “Facebook”-ээсээ салгаарай. Ингэхдээ Instagram-ынхаа Settings цэс рүү орж Facebook-ээ түр салга.

Та “Facebook”-ийнхээ Settings->Security and Login хэсгээс нэвтэрсэн он, сар, өдөр, байршил, хэрэгсэл зэргийг хянах боломжтой. Мөн Log Out хийж болно.

Facebook хэрэглэгч та аюулгүй байдлаа хамгаалахын тулд ойр дотны, итгэдэг 3 хүнийхээ аккаунтыг энэхүү тохиргоондоо нэм. Танихгүй хэрэгсэл, өөр байршлаас таны хаяг руу нэвтрэхийг оролдох үед сануулга өгөх тохиргоонуудыг хийгээрэй.

Дээрх тохиргоонуудыг заавал хийснийхээ дараа та бусдын гар утас, компьютер, таб зэргээс өөрийн Facebook хаяг руу нэвтрэхгүй байж, өөр хэрэгслээс нэвтрэх тохиолдолд нууц үгээ хадгалж үлдээхгүй байх, сануулга өгөх дохионуудыг сайтар хараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top