Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧИЙГ хянадаг газар нь зарлуулахгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

 

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос цаг үеийн үйл явдлуудтай холбоотой тодруулга авлаа.

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг зарим гишүүн өглөө. Хэргийн бичлэг алга болсон зэрэг мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Энэ хэргийг одоогоор прокурор хянаад, цагдаа шалгаж байгаа. Ер нь дуусах шатандаа явж байгаа байх. Хохирогчийн ар гэрийн хүмүүс надтай уулзаж, өргөдөл өгсөн. Өргөдөлтэй холбогдуулан цагдаагийнханд прокурортой хамтарч шалга, анхаарал татсан асуудлууд байна гэж хэлсэн. Прокурортой яриад, хэргээ гүйцэд шалгах чадвартай сайн баг гаргаж байж үзэхгүй бол маргаантай асуудлууд олон байна гэдгийг хэлсэн. Үүний дараа доод шатанд шалгагдаж байсан хэргийн харьяалал өөрчлөгдөж, мөрдөн байцаах газрын төвшинд шалгаж байгаа. Гишүүдийн яриад байгаа зүйлд судалж шалгах зүйл их бий. Бичлэг нь алга болсон гэдгийг би мэдэхгүй. Мэдэхгүй юмаа яриад дэмий. Дэл сул үг шалгалтыг төөрүүлдэг талтай.

-Хэргийн зүйл анги нь яагаад өөрчлөгдсөн юм бэ?

-Энэ эрүүгийн хэрэг дээр чинь ширхэг дараалан шийдвэр гаргадаг ганцхан байгууллага байдаг нь прокурор. Бүх эрх мэдэл прокурорт байдаг. Цаашдаа та нар иймэрхүү юмаа прокуророос асууж бай. Энд нэг зовлон байдаг нь мөрдөн байцаах үеийн нууц. Нууцыг задруулчихвал хэрэг төөрөөд явчихдаг.

-"Эрдэнэт" үйлдвэрийн маргаан ямар шатандаа явж байна вэ. Улсын Дээд шүүхээс 49 хувийнхны нэхэмжлэлийн талд шийдвэр гаргачихлаа шүү дээ?

-УИХ-ын шийдвэр хэвээрээ байгаа. УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа. Хамгийн гол хоёр нь хэвээрээ. Засгийн газрын өмнөх шийдвэрийг шүүх будилуулсан бол Засгийн газар дахиад авч хэлэлцэх эрх нь нээлттэй байгаа. Сая шүүх дээр болсон гол дургүй хүргээд байгаа юм бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар энэ хэргийг шийдсэн явдал. Би олон удаа ярьж байна. М.Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэх нь хуулиар хориотой. Саяын Дээд шүүхийг тэр М.Батсуурь даргалсан юм билээ. Шийдвэр нь урьдчилаад гарчихсан байсан. Төрийн эрх барих байгууллагын шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчинтэй. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэсэн тогтоол батлагдсан. Энэ бүхнийг зөрчсөн.

-Засгийн газар давж заалдах уу?

-Одоо Засгийн газрыг төлөөлж хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид асуудал тавих ганц л арга байгаа. Гэхдээ энэ бол ойлгомжтой асуудал. Би дэндүү ойлгомжтой байсан учраас яриад байсан. Хууль хүртэл оруулж үзсэн. Ийм юм болох гээд байсан учраас хуулийн гарцаар асуудлыг нэг шийдье гэж санал оруултал АН-ынхан завсарлага аваад хуулийн хэлэлцүүлгийг тасалдуулсан. Энэ хуйвалдаан хэзээ нэг цагт дуусна. Эцсийн шийдвэр гарлаа л гээд сурталчлаад байна. УИХ-ын шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Цэцийн шйидвэрийг ярихгүй байна. Наад улсаас гарсан мөнгө гэдэг чинь үнэн шүү дээ. 100 тэрбум төгрөг улсаас гарсан. Монголбанкны Н.Золжаргал 100 тэрбум төгрөгийг Д.Эрдэнэбилэгийн компани руу оруулаад бас нэг садангийнх нь шахуу компаниар дамжуулаад гурван өдрийн дараа Ц.Пүрэвтүвшингийн хувийн данс руу оруулчихсан. Тэгээд л эхний 5 сая ам.долларыг төлчихсөн шүү дээ. Ийм зүйлийг шалгах гэхээр шалгуулахгүй байна. Цагдаа нар хэр чинээгээрээ ажиллаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотойгоор зарим хүнийг бариад эхэлсэн. Мөн “Стандарт” банканд мөнгө төлөх асуудал яригдаж байгаа. Ямар зохицуулалт явж байгаа вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр дээр “Жаст”-ийн Ш.Батхүүд гаргаж өгсөн баталгааны асуудал л яригдаж байгаа. Одоо 51 хувь гэдэг үгээ мартах хэрэгтэй. Албан ёсоор Засгийн газарт Лондонгийн шүүхээс хандаж, шийдвэрийг хэрэгжүүл гэдэг санал ирээгүй. Одоогоор “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэр хоёрын хооронд процесс эцсийн шатандаа орчихсон яваа. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах асуудал бий. Тэр хүний хөрөнгүүд хаашаа орсныг шалгах хэрэгтэйг би хэлээд байгаа. 2013 оны Ш.Батхүүгийн хөрөнгийг хураасан үе Лондонгийн шүүхтэй давцаад байдаг. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах гэж оролдоод л байж байна. Би яагаад хөрөнгийг нь хураасныг шалга гэж байгаа. Цаана нь нарийн зүйлүүд бий.

“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банк хоёрын хоорондын харилцааны асуудал л байгаа. Засгийн газарт албан ёсоор хүсэлт тавиагүй байхад оролцох оролцоо муутай. Гэхдээ улсын хөрөнгө асуудалд орж байхад Засгийн газар тоохгүй суугаад байж болохгүй. Хүүгийн төлбөрийн асуудал үүсгэлээ гэхэд Засгийн газарт танилцуулсан. Тэр үед улсын хөрөнгөөр луйварчны өрийг дарах нь гэж шуугисан. Ер нь АТГ, прокурор Ш.Батхүү гэдэг хүний асуудлыг нэг тийш болгоод, алга болсон хөрөнгө нь хааш орсныг тогтоох хэрэгтэй. Тэгсэн цагт Ш.Батхүүгийн хөрөнгөөр өрийг дарах боломж гээд гарц бий. Баахан бензин колонк байсан, банк байсан. Тэр хөрөнгүүд хаана байгааг тогтоох хэрэгтэй.

-С.Зориг агсны амиа алдсан хэрэг 20 жилийн нүүр үзлээ. Та захиалагчийг зарлана гэсэн. Хэзээ зарлах вэ?

-Би захиалагч байгаа бол зарла гэдгээ ажил авсан өдрөө хэлсэн. Одоо болтол хянадаг газар нь зарлуулахгүй л байна. Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч хэвлэлийнхэнд “Шийтгүүлсэн гурван хүн алуурчид биш гэж Б.Булган хэлсэн” гэсэн байсан. Би анх үүнийг мэддэггүй байсан. Явж явж Б.Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас холдуулахын тулд шүүх хуралд оролцуулаагүй юм билээ. Шалгуулах шаардлагууд тавигдаж байгаа. Захиалагч гэдэг хүнийг Ц.Амгаланбаатар хэлээд байсан юм билээ. Захиалагчийн нэр хэлсээр байтал түүнийг нь шалгалгүй шүүх хурал хийсэн.

-Шийтгүүлсэн гурван хүний дэглэм буурсан нь үнэн үү?

-Эдгээр хүмүүс 20-25 жилийн ялтай. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид ялыг нь эдлүүлэх ёстой. Хуучнаар чанга гэсэн үг. Гэтэл ял шийтгүүлснээс хойш бараг бүтэн жил гянданд ял эдлүүлээд байсан. Цаазын болон бүх насаараа хорих ял авсан хүмүүсийг гянданд ял эдлүүлдэг. Тэгээд Шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчигдөж байгааг прокурорт танилцуулж, одоогийн мөрдөж байгаа хуулиараа байх ёстой газар руу нь шилжүүлсэн. Хуулиа биелүүлж, хаалттай буюу чангад шилжүүлсэн юм.

-Олон улсын дүгнэлтээр эдгээр гурван хүн хэлмэгдсэн болохыг хэлдэг. Энэ хүмүүс хэлмэгдсэн гэж та үздэг үү?

-Надад хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол хэрэг хийгээгүй монгол хүний хэлмэгдүүлэхгүй байх.

-Та хэргийг нууцаас гаргана гэсэн. Хэрэгтэй танилцах боломжтой юу?

-Нууцаас гаргаад, прокурорын архив руу шилжүүлчихсэн байгаа. Танилцах боломжийн талаар прокуророос асуух хэрэгтэй. Надад ирсэн мэдээллээр энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа.

-УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр засаглалын өөрчлөлтийн талаар ярих боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь нэг л үндсэн асуудал бий. Энэ улс цаашид парламентийн засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалаар байх уу гэдэг асуудал. Парламентийн засаглал Монголд идээшихгүй байна гэвэл үүнийгээ шийдэх хэрэгтэй. Дарангуйлал бий болно гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог асуудлаа эргэн харах ёстой.

Би завсрын дунд нь орчихоод хаашаа ч хөдөлж чадахгүй байдалтай байна. Нэгийг нь гайгүй гээд харахаар муу харагдаад болохгүй юм. Уг нь хоёр их гүрний дунд байгаа цөөн хүнтэй, асар их байгалийн баялагтай орны хувьд дарангуйлалд өртөхгүй байх парламентын засаглал арай гайгүй. Гэтэл парламентийн бүтэц маань асар их шүүмжлэлд өртөөд, аргагүй байдалд орчихлоо. Ерөнхийлөгчийн засаглал удирдлага, эмх цэгцийн талаасаа шуурхай л даа. Гэтэл нэг овлигогүй этгээд гарч ирээд бүр дуусгачих юм болов уу гэсэн айдас бас төрөөд байгаа. 1990 оны  хөдөлгөөн чинь нэг хүний засаглалаас холдсон шийдэл байсан. Би ард түмнээсээ асуучихад л хангалттай гэж үзэж байгаа. Хуулийг нь түүнд тохирулаад бичих бол хэдхэн өдрийн техникийн чанартай зүйл. Ядах юм байхгүй. Би бол Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг аль нэг талдаа гаръя гэж л ойлгосон.

-Засаглалын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх боломжтой юу?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын боловсруулсан үндсэн хуулийн өөрчлөлтийн хууль өргөн барихад бэлэн болчихсон байгаа. Хэзээ өргөн барих нь гишүүдийн асуудал.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11(202.131.7.68) 2018 оны 10 сарын 09

юуны тулд хуульзүйн яам гэж байдаг вэ гэдгээ мартсан сайдуу

0  |  0
Zochin(141.101.76.34) 2018 оны 10 сарын 04

Olon jum hudlaa, unen amlaj, gonginoj sayd bolchood, boon shaltag toochood. Sayd jum bol sayd shig l bgaach de. Boon ambiz hooson orovdoltej hun bolj ee

0  |  0
УРАГШИЛЬЯАААА(162.158.178.111) 2018 оны 10 сарын 04

ЭНЭ ХЭРГYYДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ЗЕВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧИНИЙ МИНИЙ ГЭЖ ТАЛЦАХАА ЗОГСООЖ МОНГОЛ УЛСЫНХАА ТЕЛЕЕ ЗYТГЭЖ ЭХЛЭХГУЙ БОЛ ЗАВХАРЧ БААХАН ХАРДАЛТ СЭРДЭЛТ ДОР ЯАЖ ИНГЭЖ ЯВАХ БИЛЭЭ ДЭЭ.. YНЭН МЕНИЙГ ОЛДОГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗЕВ ШИЙДЭЖ ЦЭГ ТАВИХ ЕСТОЙ...

0  |  0
Top