“Хувь заяа” булангийн энэ удаагийн дугаарт Дорнод аймгийн болон Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчийн албыг хавсран хашиж буй Шинэбаярын Бямбасүрэнг урьж, эх орны хөгжил нь төвөөс алслагдмал бүс, тэр тусмаа хөдөөгөөс эхлэх тухай, тэгж байж хотын түгжрэлтэй хамт бугшсан олон асуудал цэгцлэгдэх тухай, үүний тулд төрийн бодлого ямар байх вэ, нийгэм, эдийн засгийн салбаруудыг хэрхэн дэмжих вэ, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоо ямар байх вэ, төвлөрлийг сааруулахын тулд хөдөөд ажлын байр нэмэгдүүлж, брэнд бүтээж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжвэл зохистой талаарх гарц шийдлийг ярилцлаа.
Ш.Бямбасүрэн АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, улмаар Англи, Австралийн их сургуульд бакалавр, магистрт суралцан эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Банк, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн түүнд дэлхийн топ компаниудад урилгаар ажиллах боломж нээлттэй байсан. Эсвэл Улаанбаатарт үлдэж, яам тамгын газар, томоохон банк, санхүүгийн байгууллагад ажиллаж болох байв. Гэсэн ч тэрбээр нутагтаа ажиллахыг илүүд үзэж, хөгшин Европоос шууд Дорнод аймгаа зорьжээ. Ийнхүү хотын түгжрэлд бус хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2017 онд төрөлх нутаг Дорнод аймагтаа ажил амьдралаа төвхнүүлсэн байна. Өдгөө тэрбээр эхнэр Ч.Ариунсэлэнгэ болон хүү, охины хамт Чойбалсан хотдоо аж төрж, 1996 онд аавынхаа үүсгэн байгуулсан “Найнги” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч яваа шинэ үеийн бизнесийн төлөөлөл юм.
“Найнги” компани хөдөө аж ахуй, хүнс, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх салбартаа шинэ технологи, ноу-хау нэвтрүүлж, Дорнод нутагтаа шинэ хэрэглээ, шинэ соёлын салхийг авчирч байгаа юм. “Найнги хүнс” компани гэхэд л сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд нутгийн малчдаас өдөр бүр дөрвөн тонн сүү худалдан авч малчдын нэмэлт орлогыг дэмжиж байгаа. “Найнги” уул уурхайн компани Адуунчулуун ордод хүрэн нүүрсний олборлолт явуулж, түүгээрээ зүүн бүсийг эрчим хүчээр хангадаг Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг байна. “Найнги Сан”-гаар дамжуулж хүүхэд залуучуудын боловсролыг дэмжиж, одоогоор долоон сургуулийн номын сан, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оношлогооны төвийг тохижуулж нутаг орондоо, иргэддээ, нийгэмдээ хийсэн бүтээсэн зам мөртэй, нэрийн хуудастай болсон залуу юм.
Түүнтэй ярилцахад гурван зүйл анхаарал татсан юм. Нэгдүгээрт, дэлхийн топ сургуулиудыг сонгон суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн залуу гэр бүл “Хотын түгжрэлд гацах биш хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулъя” хэмээн орон нутгийг зорьжээ. Хоёрдугаарт, хөдөөг хөгжүүлэх ямар төлөвлөгөө түүнд байна вэ. Төвлөрлийг сааруулахад залуу хүний хувьд тэрбээр энэ хүртэл юу хийж чадав. Цаашид яах вэ. Гуравдугаарт, сэтгүүлчийн хувьд би түүний аав, Монголын нэртэй улстөрчдийн нэг, олон нийтийн санал асуулгаар хоёр ч удаа “Эх оронч түшээ” хэмээн өргөмжлөгдөж явсан Цэндийн Шинэбаяр гэх шударга, зарчимч эрхэмтэй олон удаа ярилцлага хийж явсан тул аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа хүүтэй нь ярилцах сонирхолтой байлаа.
Чойбалсан хотын унаган хүү
Шинэбаярын Бямбасүрэн Дорнод аймгийн Чойбалсан хотод 1988 онд төрсөн. Айлын дөрвөн хүүхдийн отгон, дээрээ хоёр эгч, нэг ахтай. Багадаа үеийнхэн дотроо нэлээд хөдөлгөөнтэй, бүх төрлийн спортоор хичээллэдэг, хамт олон, найз нөхөдтэйгөө нийтэч хүү байв. Дорнод аймгийн Чойбалсан хотын төвийн цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, харин 10 дугаар ангиа Улаанбаатар хотод төгсжээ. Ингэх болсон нь цаанаа учиртай. Түүний аав УИХ-ын гишүүн агсан Цэндийн Шинэбаяр тухайн үед Дорнод аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв. Тэрээр хүүгээ “Энэ хүүхэд Дорнодод сураад байвал багш нарын хандлага ч, бусад хүний хандлага ч тэр, “Шинээ даргын хүү” гэсэн байдлаар яваад байхаар байна. Энэ байдал цаашид сурч хүмүүжихэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс хөрсөн дээр нь буулгая, тэгээд ч багаас нь биеийг нь даалгая” гээд хот руу шилжүүлжээ. Ингэхдээ хүүтэйгээ ярилцаж, хүсэл сонирхлынх нь дагуу физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд шалгалт өгүүлэв.
Хүү угийн тоо, физикт сонирхолтой тул шалгалтад торох юмгүй тэнцсэнээр тус сургуульд төвөггүй орж явчихав. Хэдийгээр Улаанбаатарт шилжиж ирсэн ч гэр нь Дорнодод учраас хүү амралтаараа хотын хүүхдүүд шиг зусланд явахгүй. Хичээл амарсан л бол Дорнод руу, гэртээ харихаар, аав ээждээ очихоор яарна. Очоод зүгээр суухгүй, ээж аавынхаа ажилд тусална. Үнээний фермээс эхлээд хувийн бизнестэй учраас гэр бүлийн бүх гишүүн боломжоороо, өөр өөрсдийнхөөрөө хувь нэмрээ оруулна. Малын өвс тэжээл буулгах, дэлгүүр рүү очиж сүү, цагаан идээний худалдагч хийх зэргээр гэр бүлийн бизнесийн бүх ажилд гар бие оролцон, ажил хөдөлмөрийн дөр суусаар өсвөр, залуу үе нь өнгөрчээ.
Дорнод аймгаас Улаанбаатар руу гэнэт шилжин суралцах болсон тухайгаа Ш.Бямбасүрэн “Тэр үед үнэхээр хотод шилжин ирж 11 дүгээр сургуульд орсноор жинхэнэ хөрсөн дээрээ буусан даа. Тэндээс суурь мэдлэгийг бодитой авч, өөрийгөө илүү дайчилж хөгжүүлсэн. Аавын минь тэр үед гаргасан шийдвэр үнэхээр зөв байсан, сайн сургуульд суралцсан. Тэр нь хожим эдийн засагч болох түлхүүр болсон доо. 10 жилээ төгсөөд би гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй байсан учраас АНУ-д очиж ахлах сургуулиа давхар төгсөх, тэндээсээ үргэлжлүүлэн их, дээд сургуульд орох боломж нээлттэй юм байна гэж бодож гадагш зорьсон. Солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд явж 2005 онд төгсөж ирээд, эргээд 2007 оноос Англи улсыг зорьсон. Стэнфордын их сургуульд санхүү-эдийн засгийн чиглэлээр суралцаж 2010 онд төгсөөд эх орондоо ирсэн. Төгсөж ирээд бизнесийн ажилдаа ханцуй шамлан орж, зах зээлийн бодит нөхцөл байдалтай тулгарснаар өөрийгөө голж, мэргэжлээ дээшлүүлж илүү ихийг сурах ёстойгоо ойлгосон. Ингээд Австрали улсыг сонгож, Сидней хотод бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалж, 2016 онд сургуулиа төгсөөд нэг хэсэгтээ ажиллая, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй топ 200 компанийн аль нэгэнд ажиллах зорилго өөртөө тавьсан. Тэндээс ажлын байрны хэд хэдэн санал авч хэсэг хугацаанд ажиллах бодолтой байсан боловч хүний нутгийн агаар нь хүртэл давчуу гэгчээр сурсан мэдсэнээ нутагтаа хэрэгжүүлье, нутагтаа л амьдаръя гэж шийдсэн юм. Одоо тэгээд Дорнод аймагтаа ажиллаж амьдарч байна даа” хэмээн ярив.
Суралцахын хажуугаар хөгжлийн онолыг судалсан нь
Ш.Бямбасүрэн бизнесийн удирдлагаар суралцахын хажуугаар гадаадын том компаниудад эдийн засгийн дүн шинжилгээ, судалгаа хийж, багагүй цагийг энэ ажилд зарцуулжээ. Хичээл дээр өгөгдсөн сэдвийн дагуу ч хийнэ, өөрөө сонирхоод хувиараа ч судална. Жишээлбэл, олон улсад аялал жуучлалын салбарыг авч үзэхдээ үндсэндээ дөрвөн зүйлийг ярьдаг. Тээвэр, жуулчдын очоод байрлах байр, хоол, үзвэр үйлчилгээ буюу тухайн газарт очоод хийх болон болох зүйлүүд гэсэн дөрвөн концепцийг тодорхой болгох ёстой болдог. Гэтэл манайд эдгээрийн аль нь ч байхгүй, зөвхөн түүх, домгоо ярина гээд сууж байдаг. Газарзүй судлаач, түүхч О.Сүхбаатар гуай хэдэн жилийн өмнө Хэнтий аймагт аялагчид авч яваад “Чингисийн морины уяа”, Жамух, Тэмүүжин хоёрын анд бололцсон газар гээд ядаж хоёр чулуу ч болтугай тавьчихаагүй нүцгэн талд очоод ярихаар гадаадын жуулчид гайхдаг. Дурсгалын самбар босгосон бол арай өөр байхсан” хэмээн асуудал дэвшүүлсэн нь бий. Үнэндээ бол эдгээр асуудал бүгд шийдэгдсэн байж эдийн засгийн эргэлтэд орж, аялал жуулчлалын салбар хөгждөг. Ганц аялал жуулчлалын салбарт гэхэд л энэ дөрвөн асуудлыг тооцоолохгүйгээр манайх ийм түүхтэй гэж мянга яриад үзэж харах юм байхгүй бол хөгжихгүй гэсэн үг. Ингээд үзэхээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбар асуудалтай байна. Өөрөөр хэлбэл, бүх салбарт эдийн засгийг нь чөлөөлж байж хөгжлийн асуудлыг ярих ёстой.
Үүнтэй адил Монгол Улсын хэмжээнд хүн амын хэт төвлөрөл, авто замын түгжрэлийн асуудал хөгжлийн тушаа болж байгаа нь үнэн. Түгжрэл, төвлөрөл гэдэг зүйл угтаа Улаанбаатарыг базчихаад байна. Тэгвэл төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутгийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа ийм боломж илүү, дэд бүтэц сайтай Дорнод аймаг шиг газарт төвлөрсөн байдлаар хөгжүүлэлт хийж байж гацаанаас гарна гэж манай нийтлэлийн зочин Ш.Бямбасүрэн өөрийн бодлыг хуваалцсан юм.
Хөгжлийн гол түлхүүр нь эдийн засгийн хөшүүрэг гэж тэрбээр үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай улс “Төвлөрлийг сааруулна, бүсчилсэн хөгжлийг эхлүүлнэ” гэж зарлаад байгаа болохоос биш, хэрхэн яаж хэрэгжих нь тодорхойгүй байгаа. Үндэсний ийм том төсөл, хөтөлбөр уг нь өгүүлбэр бүрээрээ тодорхой болж, төлөвлөлт хийгдэх ёстой. Гэтэл тийм зүйл хараахан байхгүй байгаа. Гэтэл Дорнод бол асар өндөр потенциалтай, 150 мянган хүн амтай байна гэж тооцоолж, дэд бүтцийг нь хийсэн аймаг. Тийм ч учраас дэд бүтэц бүх талаараа хөгжих бүрэн боломжтой юм. Наад зах нь л гэхэд Дулааны цахилгаан станцтай. ДЦС-ыг түшиглэн үйлдвэр барихад цахилгаан, дулааны хувьд санаа зовох зүйлгүй. Өөрөөр хэлбэл, бүх дэд бүтэц нь бэлэн байгаа гэсэн үг. Тэгэхээр Дорнод аймаг үйлдвэрлэлийн бүс болох бүрэн боломжтой. Өнөөдөр Монгол Улсад хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүд нэн шаардлагатай байна. Түүхий эд нь үнэгүй хаягдаж байна шүү дээ. Энэ дээр хамгийн түрүүнд Дорнод аймагт энэ чиглэлийн үйлдвэр байгуулах ёстой гэж боддог. Ер нь орон нутгийг зөв хөгжүүлэх, эдийн засгийн хөшүүрэгтэйгээр хөгжүүлэх бодлого хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан юм.
Харин бүс нутгийг том зургаар нь харвал, Хэнтий аймгийн хувьд түүхэн аялал жуулчлалын бүс гэдгээ зарласан, уул уурхайгаас татгалзахаа мэдэгдсэн бүс нутаг. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ илүү хөгжих ёстой гэдэг нь тодорхой. Дээр нь олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг татахын тулд тэнд аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай гэдэг нь мэдээж. Наад зах нь авто замын асуудлыг шийдэх ёстой. Түүнчлэн хувийн хэвшлүүдэд ямар боломж олгох вэ гэдгийг шийдэж байж аялал жуулчлал хөгжих боломж бүрэн нээгдэнэ. Тэгэхгүйгээр нэг зам бариад, маршрут гаргаад аялал жуулчлал шууд хөгжихгүй нь ойлгомжтой. Энд олон хүчин зүйл, харилцаа хамаарал бий болох учиртай. Тэгэхээр “Эдийн засгийн хөшүүрэг, тооцооллыг тодорхой болгож байж салбар хөгжинө. Эдийн засгийн тооцооллыг гаргаж, аргачлалаа тодорхойлж, эдийн засгийн хөшүүргүүдээр нь хийхгүйгээр шуудхан хөгжүүлнэ гэж байхгүй” гэсэн нийтлэлийн зочны маань үг мэргэжлийн хүний байр суурь гэсэндээ бодитой, бас итгэл үнэмшилтэйгээр сэтгэлд бууж байна.
Удмын бахархал, үнэний нөмөр
Монголчууд хүний тухай ярихдаа удам судрыг нь давхар ярьдаг. “Нэртэй хүний зүстэй хүү” гэх мэтээр хэлцдэг. Тэгвэл Бямбасүрэнгийн аав Ц.Шинэбаяр агсан Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул. Хөдөө орон нутагт төрийн байгууллагын анхан шатнаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн, бидний хэлдгээр мерит зарчмаар явсаар Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар олонхийн саналаар ИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байв. Гэргий Ж.Сайнтуяа нь Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, нягтлан бодогч мэргэжилтэй, хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ улсын болон хувийн хэвшлийн байгууллагад тэтгэвэрт гаран гартлаа мэргэжлээрээ ажиллажээ.
Ц.Шинэбаяр агсан орон нутагт ажиллаж байхдаа улс орны бодлогын чанартай томоохон асуудлууд, хууль эрх зүйн сэдвээр өрнөж буй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлдэг байв. Уул уурхайн ашиглалтын инженер хүн, дээр нь ашигт малтмалын баялаг ихтэй Дорнод аймагт ажиллаж амьдарч, тэдний итгэлийг өвөртлөн ИТХ-ын даргаар ажиллаж байсных энэ сэдвээр түлхүү ярина. Хуулийг гажуудуулсан, буруу ашигласан аливаа асуудлаар үе үе хатуухан дуугарна. Тиймээс ч 2008 оны сонгуулиар Дорнод аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсоноор парламентын 76 гишүүн дотор өөр нэгэн дуу хоолой, өвөрмөц нэгэн дүр төрх болж ажилласан түүхтэй.
Ялангуяа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5, Стратегийн ач холбогдол бүхий ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд төрийн эзэмшил тогтоох ёстой. Гэтэл төрийн эзэмшлийн хувийг доошлуулах асар том захиалга явж байна. Оюутолгой хэдхэн хүний олз болох гэж байна гэх зэргээр байр сууриа илэрхийлж, асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж байв. Монголын улс төрийн намын түүхэнд гуравдагч хүчин гарч ирэх ёстой, ингэж байж МАНАН-г арилгана гэсэн үзэлтэй. Түүнийхээ төлөө тууштай байж, улс төрийн ууган нам МАХН нэрнээсээ Х үсгээ авч хаяж хоёр хуваагдахад, уугуул нэрээ сэргээх хүсэлтэй гишүүдийн хамт Түр штаб байгуулан тэмцэж явсан. Сүүлд Хамуг Монгол Хөдөлмөрийн нам байгуулан удирдаж байсан шударга, эх орончдын нэг. Тийм хүний үр сад, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа нь дорнодчуудын хүлээлтэд нийцэж буй учир дорнодчууд Ш.Бямбасүрэнг аймгийнхаа болон Хэрлэн сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгож, давхар итгэл хүлээлгэсэн болов уу. Гэхдээ энэ бол аавынх нь нэмэр гэхээс илүү үнэний нөмөр бөгөөд Ц.Шинэбаяр агсан шударга үнэнд ойр явсан цаг түүхийн үргэлжлэл болов уу.
“Аавын минь бидэнд үлдээсэн хамгийн том үнэт зүйл хүмүүжил”
Аавынхаа захиас сургааль, ямар зарчмыг амьдралдаа мөрдлөг болгож явааг Шинэбаярын Бямбасүрэнгээс асуухад “Манай аав мэргэжилдээ эзэн болсон уул уурхайн инженер хүн байсан. Ялангуяа салбарынхаа ирээдүйн хөгжлийн төлөө их явдаг, ярьдаг байлаа. Тийм ч учраас байгалийн баялгийг яавал зөв ашиглах вэ, яавал улс оронд өгөөжтэй, тэндээс олж буй ашгийг иргэдэд хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгийг инженерийн түвшинд бодож, тооцоолж, түүнийгээ илэрхийлж явсан. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн мэргэжлийн хүний хувьд тэр чиглэлд илүүтэй санаа нь зовж явдаг байсан байх гэж аавынхаа тухай би боддог.
Түүнээс гадна аав минь уурхайчдынхаа эрх ашгийг давхар бодолцож, тэрийг ажиллуулж байгаа уурхайг ч бодож, эргээд улс орондоо ямар хүртээмжтэй байлгах вэ, нийгэмдээ ямар өгөөжтэй байлгах вэ гээд бүх талаас нь бодож ярьдаг байсан. Аав минь бидэнд юуны өмнө зарчимтай бай гэж захина. Нэгдүгээрт, улс орон, нийгмийнхээ төлөө байх ёстой. Хоёрдугаарт, шударга байх ёстой. Гуравдугаарт, мэргэжлийн байх ёстой гэж зөвлөдөг байсан.
Мэргэжлийн байх ёстой гэдэг нь цаанаа олон зүйлийг агуулж байгаа юм. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн бол, тэр мэргэжлээрээ улс орон, нийгэмдээ бодлогын түвшинд яаж илүү нөлөөлж болох вэ, яавал ёс зүйтэй байх вэ гэдэг талаар ихээхэн зөвлөдөг байсан. Тухайн үед хүмүүс аавын хэлж, ярьж байсныг дутуу ойлгож байсан байж магадгүй. Өнөөдөр нийгмийн нэлээд том хэсэг нь энэ чиглэл рүү дуу хоолойгоо хүргэж эхэлжээ. Тэр хэрээр Баялгийн сангийн тухай хууль сая батлагдлаа. Миний хувьд хуулийн төсөл дээр хэд хэдэн концепц дээр нь засах, өөрчлөх шаардлагатай зүйлүүд байна гэж харж байгаа. Яагаад гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд орсон зарим халамжийн шинж чанартай, тухайлбал Хуримтлалын сан, түүнийгээ цааш хэдэн хэсэг болгож хуваахаар хуульчилсан зэрэг нь яг үнэндээ бол Хөгжлийн сан биш болчихоод байна. Хэдийгээр бэлэн мөнгө хуваарилна гэж хэлэхгүй байгаа ч гэлээ боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хөнгөлөлт байдлаар хуваарилах нь зөв биш. Монгол Улс цааш хөгжихийн тулд ажлын байр, үйлдвэржилт, эдийн засгийг сэргээх чиглэл рүү явах ёстой. Хуультай болсон нь нэг дэвшил хэдий ч цааш засаж сайжруулах зүйлүүд байна” хэмээн ярьж байна.
Харин “Аав тань танд яг юу өвлүүлж үлдээсэн бэ” гэсэн асуултад тэрбээр “Ер нь бидэнд мөнгөөр үнэлж болохооргүй олон сайхан зүйлийг үлдээсэн. Орон нутагтаа, эргэн тойрондоо байгаа хүмүүсийн бидэнд ханддаг тэр сайхан хандлага, харилцааг үлдээсэн байна. Энэ бол аавын минь тэр сайхан нэр хүндээс улбаатай. Тэр нь өдөр тутам бидэнд дэм болдог. Өөр нэг үнэлж баршгүй үнэт зүйл, нандин өв бол аавын минь бидэнд өгсөн хүмүүжил. Захиж сургасан үг сургаалиуд байна. Мэдээж, хүүхдүүдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол маш их. Хувийнхаа зардлаар бүх хүүхдээ гадаадын их, дээд сургуульд сургана гэсэн том зорилт тавьж, тэрийгээ бүрэн хэрэгжүүлж чадсан. Угаас шударга зарчимч хүн тул Боловсролын сангийн зээл ч юмуу, улсын ямар нэгэн тэтгэлгээр биш цэвэр өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр биднийг бүгдийг нь гадаад, дотоодын их дээд сургуульд сургасан. Тэр бүү хэл бидэнтэй сургалтын гэрээ байгуулдаг байлаа. “За, Бямбаа аав нь чамд сургалтын төлбөрийг нь зээлээр өгнө, чи тэдэн жилийн дотор төлөөрэй” гээд хийсэн гэрээ нь хүртэл одоо надад хадгалаастай байдаг” гэв.
Түүнээс гадна аавынх нь үүсгэн байгуулсан үнээний ферм, “Найнги” компани үр хүүхдүүдэд нь үлдсэн гэр бүлийн бизнес, том өв хөрөнгө болов уу. Учир нь ардчилал ид өрнөсөн тэртээх 1996 онд залуухан бизнесмэн Ц.Шинэбаяр үхэр сонирхож, ферм байгуулсан нь сэтгүүлчийн хувьд надад сонирхолтой санагддаг юм. Тэгэхдээ бүр барууны жишгээр явуулахаар анх суурийг нь тавьсан гэдэг юм билээ. Тэр нь одоо бараг 30 дахь жилдээ үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн аваад явж байна. Мөнгөтэй хүмүүс хурдан морь сонирхоод явж байхад Ц.Шинэбаяр гуай үхэр сонирхоод явчихсан нь бизнесийн хүний торгон мэдрэмж, алсыг харсан их ухаан байсан биз.
Залууст ээлтэй, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого хэрэгтэй
Монгол Улсын хөгжлийг гацаагч нэг том хүчин зүйл бол намчирхал. Энэ нь хөдөө, орон нутагт бүр ч их байдаг. Үгээ ил хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсээ хавчиж шахдаг, бизнес эрхлэгчдийг бол тэр намынх, энэ намынх гэж хавчдаг. Наад захын зөвшөөрлүүд дээр нь хориг тавьдаг. Тэгж байж өөрийнхөө үгэнд оруулах гэдэг явдал хөдөөд хавтгайрсан. Ялангуяа зүүн бүсэд ийм зүйлүүд байгааг залуус ярьдаг, шүүмжилдэг. Түүний хувьд эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл. Ийм хүндрэл, бэрхшээлүүдийг тойроогүй, туулаад явж буй байх. Ийм зүйлүүдийг засахын тулд аргагүйн эрхэнд татагдаж орлоо гэдэг шиг 2020 онд аймгийн ИТХ-д нэрээ дэвшүүлж, улмаар сонгогдоод явж байгаа аймгийн ИТХ-ын төлөөлөгч болов уу.
Түүний хувьд татварын орчны бодлогууд бизнес эрхлэгчдээ, ЖДҮ эрхлэх гэж буй залуусыг хавчин боосон байдалтай байгааг биеэр мэдэрсэн. НӨАТ гээд 10 хувийн татвар бол орлогоос авдаг маш том дарамт байдаг. НӨАТ-ын татварыг багасгах ёстой. Ингэж байж бизнес эрхлэгчдийн нуруун дээрх том ачаа байхгүй болно. Нийгмийн даатгалын шимтгэл гэж ажилтан, ажил олгогчоос авдаг 20 гаруй хувийн татвар байна. Энэ мөн л маш том дарамт болдог. Энэ татварыг нэг сар төлөөгүй тохиолдолд дансыг нь хаах эрх Нийгмийн даатгалын хэлтэст байдаг. Төлөөгүй бол цаашаа үйл ажиллагааг нь зогсоодог, зогсдог. Энэ нь эргээд бидэнд үр дүнгээ өгөх татвар уу гээд үзэхэд бид улсаас авч байгаа төрийн үйлчилгээнүүдийг хангалттай авч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр үүнийг зөв болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг юм байна.
Гарц шийдлийн тухайд ЖДҮ эрхлэгч, үйлдвэрлэгчдийг олон болгох. Тэднийг цааш нь дунд түвшний, түүнээс дээш түвшнийх болгох дэмжлэгийг бий болгох, тэгж байж хөгжинө. Бидний сайн мэдэх Япон, Солонгост хувийн хэвшлүүдээ бүгдийг дээш гаргаж ирэхэд анхаардаг. Тэд төрөөс үзүүлэх том дэмжлэгүүдийн ачаар л өнөөдөр дэлхийн тэргүүлэгч компани болтол хөгжиж байна. Тэр дэмжлэгийг авсныхаа хариуд улс орондоо үр ашгаа өгч байна. Бид ийм болох боломжтой.Энэ нь ганцхан Дорнод аймгийн асуудал биш, хууль нь ийм байгаа учраас улс орон даяар энэ асуудал нийтлэг байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ гэвэл УИХ дээр батлагдаж байгаа хуулиудаас эхэлнэ. Тэр хуулиуд нь хоорондоо уялдаа холбоотой, хөрсөн дээрээ буусан, иргэдийн амьжиргаан дээр нэмэр болохуйц байдлаар боловсруулагдаж батлагдах ёстой. Өнөөдөр манай улсад батлагдаж байгаа хуулиуд чанаргүй, хоорондоо уялдаа холбоо муутай учраас төвөгтэй байдлууд үүсээд байгаа юм гэдгийг тэрбээр хэлж байна.
Дорнодчуудад тулгамдсан асуудал ба АН-д илгээсэн хүсэлт
Дорнод аймаг, ялангуяа Чойбалсан хот бусад аймгийн төвийг бодвол харьцангуй хотожсон, хүн амын төвлөрөл ихтэй. Гэхдээ зарим хүний харж байгаагаар хөгжил гацаад хамгийн багадаа 15 жил болчихсон. Иймэрхүү байдалд хүргэсэн нь наад зах нь сэтгэл дутсанаас болсон гэж тэрбээр үздэг юм билээ. Нэг үеэ бодвол харьцангуй төсөвтэй болсон цаг шүү дээ. Аймгуудын төсөв ч өссөн. Дорнод аймгийн энэ жилийн төсөв гэхэд л 70 гаруй тэрбум төгрөг байх жишээний. Нэг жилийн хугацаанд энэ мөнгөөр аймгийнхаа асуудлуудыг эхнээс нь шийдээд, шат дараатайгаар гараас гаргаад явах боломжтой. Харамсалтай нь тэгж шийдэж чаддаггүй гэдгийг Ш.Бямбасүрэн ч анзаардаг, хэлж сануулдаг. Тухайлбал, хамгийн олон жил ярьж байгаа хогны асуудал байна. Золбин нохой, муур, автозам гээд л 20 жилийн өмнө ярьж байсан нийгэм, ахуйн асуудлууд нь өнөөдөр ч хэвээрээ. Сүүлийн үед газар доогуурх шугам сүлжээ, зэвтэй ус гээд иргэдийг бухимдуулж буй зүйл олон. Хамгийн тулгамдаж байгаа нь энэ асуудлууд. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, Үндсэн хуулиараа олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй ноцтой асуудал юм.
Дээрээс нь хорт хавдрын өвчлөлөөр улсад тэргүүлдэг аймаг хэмээх таагүй статистик нэрмэж буй нь араасаа олон эрсдэл дагуулж буй. Үүнийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ч бодитой арга хэмжээ авахгүй төсвөө талын нэг тарааж, гарын салаагаар гоожуулан үр ашиггүй зарцуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар ИТХ-ын залуу төлөөлөгч байр сууриа байнга илэрхийлж, шинэ санал санаачилга гаргаж, шаардлагатай үед хүчтэй шүүмжилсээр ирсэн. Харамсалтай нь ИТХ дотор Ардчилсан намын төлөөлөгч цөөнх учраас олонхийн саналын дагуу хэмээн асуудалд хандан нэг хүний үзэмжээр ажил явсаар иржээ.
Орон нутагт болж байгаа үйл явц хийгээд тулгамдаж буй асуудлыг яг тэр бүсэд амьдардаг, яг тэнд аж ахуй эрхэлж байгаа хүмүүс л илүү бодитойгоор, зөв талд нь шийдвэрлэхийн төлөө дуугарна байх. Тэгж байж УИХ дээр гардаг хууль, шийдвэрүүд хөрсөн дээр бууж, ард түмний амьдралд бодитоор үйлчлэх байх гэж сэтгүүлч надад бодогдоно.
Зорилготой хүн
Ш.Бямбасүрэн нэр цэвэр залуу хүн, өндөр боловсрол эзэмшсэн, эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн салбарын төлөөллийн хувьд баялаг бүтээгчдийг илүүтэй ойлгодог, дэмждэг, Монголд хувийн хэвшил бодитой босож ирэх ёстой гэж үздэг, үзэл баримтлалын хувьд нийцэж Ардчилсан намыг сонгожээ. Нөгөөтэйгүүр, дандаа эсрэгээрээ, тухайлбал төрийн өмчит компаниудыг данхайлгаж, нэг том захирал нь улсын төсвөөс их мөнгөн дээр гарын үсэг зурдаг хэмжээнд очтол төрийн өмчит компаниудыг томруулчихсан, түүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудлууд яригдаж байхад энэ гажуудлыг засахсан гэдэг бодол номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн боловсон хүчинд төрөхгүй байна гэж юу байх билээ.
Иймд өөрийн сурсан мэдсэнээр нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад хамгийн түшиг тулгууртай нам гэж бодож, АН-ыг сонгож, мөн аймгийн ИТХ-д нэрээ дэвшүүлэн, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Харин Дорнод аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчийн найм нь АН-ынх учир цөөнхийн санал шийдвэрлэгддэггүй гачлантай.
Өнгөрсөн 2020 оны сонгуулийн нэг онцлог нь ИТХ-ын сонгуулиар суманд, аймагт зэрэг дэвших боломжтой байсан. Иймээс л Ш.Бямбасүрэн аймгийнхаа Хэрлэн сумын төлөөлөгчөөр давхар сонгогдон ажиллаж байгаа юм, нэг ёсондоо “давхар дээл”-тэй төлөөлөгч. Энэ бол түүний хувьд олны итгэлийг давхар хүлээсэн давуу тал нь байх.
Түүний сул тал гэвэл уран яруугаар илтгэж, аливаа зүйлийг гоёчлон худал ярьж сураагүй. Энэ нь эдийн засгийн хүний онцлог, эзэмшсэн мэргэжилтэй нь холбоотой. Тооцоо судалгаагүй зүйл яривал худал болчих гээд байх шиг санагддаг. Аливаа зүйлийг сайн судлахаасаа өмнө тэр талаар ярих дургүй. Бүх талаас бодож, харьцуулж, судална. Иймэрхүү байдал хөндлөнгөөс харсан хүнд бол өндгөө дарсан шувуу шиг удаан, ойлгомжгүй, тэвчээргүй нэгэнд бүр төвөгтэй ч санагдаж магад. Гэхдээ үнэндээ тийм биш. Нууранд алгуурхан хөвөх шувууд усан доор хөл нь байнга сэлүүрдэж байдагтай агаар нэг биз. Зогсолтгүй хөдөлмөрлөж, нягт нямбай ажиглан, сайн судалж, тооцоолж бодсоны үндсэн дээр ярьж эхэлдэг зантай. Тиймээс санааны зоргоор, цээжний бангаар юм ярина гэдэг ойлголт түүний зарчимтай зөрчилдөх нь ойлгомжтой юм. Байгалийн шинжлэх ухаан математикт аливаа зүйл гинжин холбоотой байдаг учраас нэг л хариуг буруу гаргахад дараа дараачийн бодлого буруу болдог учраас няхуур ханддаг тэвчээр суулгадаг болов уу. Иймээс л эдийн засгийнхан ихэнхдээ дуугүй, харин дуугарч эхлэхээрээ их хүчтэй, итгэлтэй байдаг. Түүний аав Ц.Шинэбаяр агсан ч үнэнийг хатуу үгээр цүл пал хийтэл хэлчихдэг, элдэв бүлэглэлд худалдагддаггүй цөстэй нэгэн байсан. Монголын улс төрд ийм л тод томруун дүр бүтээгээд одсон эрхэм хүний үргэлжлэл, үр сад нь Дорнод нутагтаа ийнхүү аж төрж байна.
Хүлэг, хүү хоёр нь гүйж ирдэг Дорнын их талд...
Дорнод аймаг бол хүн ам, угсаатны бүтэц, байгаль, газар зүйн байршил, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд их олон өвөрмөц онцлогтой аймаг. Гэхдээ хуучин нийгмийн тогтолцооны үеэс л хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулж, тэр дундаа хонь, үхэр хоёрыг голлон өсгөж үржүүлсэн байдаг. Тухайлбал, Халх голын Талын улаан гэдэг үхрийн үүлдрийг гаргаж ирэхийн тулд 1960-аад онд Монголын бүх аймгийн үхрээс шилж сонгоод 30 жил үржил селекцийн ажлыг явуулсан түүхтэй. Үүний үр дүнд Халх голын Талын улаан гэдэг махны чиглэлийн үхрийг гаргаж ирсэн юм. Энэ үхэр ердийн монгол үхрээс олон давуу талтай. Дунджаар 90 кг-аар илүү жин татдаг. Мухар учраас хүйтэнд маш их тэсвэртэй, их номхон дөлгөөн зантай. Ийм үхрийг нийтдээ 26 мянга болтол нь өсгөж үржүүлж нэг үүлдэр бий болгожээ.
Халх голын Талын улаан гэдэг энэ үүлдэр бол 30 гаруй жилийн туршид зүтгэсэн Монголын олон эрдэмтэн, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Гэтэл харамсалтай нь 1990 онд нэгдэл, сангийн аж ахуй хувьчлагдаж, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй дахь төрийн бодлого ч алдагдаж, тоо толгой нь ердөө 3000 хүрэхтэй үгүйтэй үлджээ. Уг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 10 гаруй мянга, Дорнод аймагт 16 мянга, нийтдээ 26 мянган үхэртэй байв. Гэтэл тавхан жилийн дотор л 23 мянган тоо толгойны Талын улаан алга болсон байна. Энэ үхрийг авч үлдэх талаар мэргэжлийн эрдэмтэд их ярьж байв. Гэвч бодит амьдрал дээр тоо толгой нь өдрөөс өдөрт цөөрсөөр байсан гэдэг.
Ийм л уйтай, урт өдрүүдийн нэгэнд Бямбасүрэнгийн аав Шинэбаяр доктор Д.Алтангэрэл гуайтай санамсаргүй таарч орхив. Талын улааны автор өмнө нь зогсож байлаа. Д.Алтангэрэл гуайн өчнөөн олон жилийн хүч хөдөлмөр, бүхэл бүтэн амьдралаа зориулаад бий болгосон зүйл нь гэнэт нүдэн дээр нь байхгүй болсонд сэтгэл гундуухан байгааг анзаарч, ихэд харамсаж байжээ. Тэгээд л энэ үхрийг яагаад цуглуулж, өсгөж болдоггүй юм, цөөн ч гэсэн үлдээ байлгүй дээ гэдэг бодлоос л тэр үед томчуудын дунд мода болоод байсан хурдан морь сонирхох биш үхэр сонирхох, цуглуулах ажил эхэлжээ.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг ирээдүйд үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй бизнес, ард түмнээ эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах нөр их ажил ундарсан түүх энэ. Нөгөөтэйгүүр, алсаа харсан улстөрчийн хүн ард, мал сүрэг, эх нутгаа бодсон мэргэн ухаан байсан нь өдгөө улам тодорч харагдана.
Аавын болоод ахмад үеийнхээ захиасыг даасан шиг дааж, хэл, хил, мал гурваа авч үлдэх ухаан хүүд буй. Хүлэг, хүү хоёр нь гүйж ирдэг Дорнын их талдаа өрнөдөөс авчирсан боловсрол, соёлоо түгээн хөдөлмөрлөж яваа Шинэбаярын Бямбасүрэнг “Өглөөний сонин” зориуд онцолсны учир энэ билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Дажгүй залуу даа. Уулзаж, ярилцаж үзсэн хүний хувьд хэлэхэд шударга, хэлсэндээ хүрдэг, хариуцлагатай залуу шиг санагдсан. Амжилт
Бизнесээ хийгээд мөрөөрөө яваач улс төр дэмий байхаа тэнд юм хийх хүн ордоггүй салбардаа
Бас л нэр дэвших санаатай юмаадаа. Заавал улс төрд орохгүйгээр болдоггүй л бололтой шүү. Бүгд л хүүхэд байхдаа тоо физикт лаг байсан гээд л эхлэх юм
Сонгуульд нэр дэвших санаатай л биз, уг нь хуулиараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа ш шүү