Овоолсон цогцос, хэмжээлшгүй баялаг: Маяачууд дэлхийд ямар нууц үлдээв?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

Олон зууны турш Чичен Ица хотын захад үүссэн нууцлаг худаг хүмүүсийн сониуч занг хөдөлгөн, заримыг нь айдаст автуулсаар. Нэгэн үед тэнд домогт маяачууд тахил өргөдөг байжээ. Тэрхүү худаг ёроолдоо юу нууна вэ?

Чак бурхны сүйт бүсгүйчүүд

Түүхэнд маяачууд шиг нууцлаг ард түмэнд бараг үгүй. Таван мянга орчим жилийн өмнө Юкатан хойгт үүссэн энэ соёл иргэншил маш богино хугацаанд тоо, одон орон судлал, архитектурын урд хожид үзэгдээгүй оргилд хүрсэн билээ. Маяачуудын бичиг үсгийг тайлж, олон тооны хөшөө, дурсгалууд үлдсэн хэдий ч Мезоамерикийн нууцлаг соёлын талаарх асуултууд хариултгүй хэвээр.

Ялангуяа маяачуудын улс төр, соёлын томоохон төв болох Чичен Ица хот оньсогоор дүүрэн. Хотыг V зууны дунд үед босгосон ба Испанийн эзлэн түрэмгийллийн үе гэхэд хэдийн хаягдсан байжээ.

Барилга, байгууламжуудаас үзвэл хотыг тахилчид удирдаж байжээ. Хотын төвд аварга том Кукулькан бурхны сүм гэдгээрээ илүү танигдсан Эл Кастильо пирамид сүндэрлэнэ. Холгүйхэн од эрхэс, сар, нарыг ажиглах одон орон судлалын төв байрладаг. Пирамидын хойд зүгт бөмбөг тоглодог есөн талбай бий. Гэхдээ эдгээр талбайг тоглож, цэнгэхийн тулд бус харин жинхэнэ зан үйл хийхэд зориулан барьжээ. Тэгэхдээ бүр цуст зан үйл.

Зан үйлийн дүрмийг XVI зууны Испанийн хувраг Торибио де Бенавенте тэмдэглэлээс эрдэмтэд олж сэргээсэн. Тэмцээнд 2-3 гишүүн бүхий хоёр баг өрсөлддөг байжээ. Баг бүр талбайн хагасыг эзэгнэх ба тоглогчид өөр хоорондоо бөмбөг дамжуулна. Ингэхдээ бөмбөгийг талбайгаас гаргах эсвэл газарт унагаж болохгүй. Хамгийн олон оноо авсан нь мэдээж хэрэг хожно.

Харин хожигдсон багийг үхэл хүлээдэг. Чичен Ицагийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд толгойгүй тоглогчдын дүрс бүхий чулуун тавцан олддог. Эдгээр чулуун тавцангуудын цомпантли гэнэ.

Гол байгууламжуудаас хэдэн зуун метрийн зайд байрладаг шашны зан үйлийн худаг буюу сенот хамгийн том оньсого. Энэхүү цөөрмөөр хотыг нэрлэсэн. Чичен Ица гэдэг нь маяа хэлээр Усны шидтэний /лус/ ам гэсэн утгатай.

1579 оны Испанийн он тооллын бичигт агуу маяачуудын үр удам болсон нэгэн нутгийн уугуул хүний яриа гардаг. Тэрхүү худгийн талаар тэрбээр ярихдаа: “суурин болгоны удирдагч, ихэс дээдэс албатуудаасаа нэгэн эмэгтэйг сонгон худаг руу шиддэг байсан. Тухайн эмэгтэй эзнийхээ төлөө бурхнаас сайн сайхан, олз омогтой жил байхыг гуйх ёстой. Эмэгтэйчүүдийг хүлээсгүйгээр ус руу шиддэг байсан” гэжээ.

Өөр эх сурвалжид дурдсанчлан, энэхүү зан үйлд зориулан язгууртан угсаатай эмэгтэйчүүдийг сонгодог байжээ. Ингэхдээ тэд онгон байх ёстой. Тэднийг борооны хүчирхэг бурхан Чакт тахил болгоно өргөдөг. Золгүй бүсгүйчүүд Чак бурхны сүйт бүсгүй болно. Сонгосон бүсгүйг урт уяагаар доош худаг руу буулгана

Үүнээс гадна нэг сонирхолтой баримт бий. Эх сурвалжуудад бичсэнээр, худаг руу бүсгүйчүүдээс гадна алт, мөнгө, эрдэнэсийг харамгүй шиднэ. Догшин бурхдын таалалд нийцэхийн тулд.

Домог худал хэлдэггүй

Тэгэхээр Чичен Ицагийн ариун сенот алт, эрдэнэсээр бялхах ёстой. Үүнийг ХХ зууны эхээр АНУ-ын дипломатч, археологич сонирхогч Эвдард Херберт Томпсон шалгаж үзэхээр шийдэв.

1904 он тэрээр Чичен Ицаг зорьжээ. Тэр нутгийн нэгэн газрын эзнээс тус газрыг эртний балгас туурьтай нь хамт бүхэлд нь асар хямдаар худалдан авч, ажилдаа оров. Томпсон сенотыг хэмжиж үзэхэд, диаметр нь 60 м, сенотын эрмэгээс усны мандал хүртэл 20 м, гүн нь 10 м байв. Энэхүү асар том худгийн ёроолоос маяачуудын бурхандаа өргөсөн хэмжээлшгүй их алт, эрдэнэсийг хэрхэн гаргаж авахаа л бодож олох үлдэв. Сийрэг ухаантай Томпсон удалгүй шийдэл оллоо. АНУ-аас газар ухагч, усанд шумбахад зориулсан тусгай хувцас хэрэглэл хоёрыг авчирчээ.

Өдөр, хоног өнгөрсөөр. Гэвч лаг шавар, шавар сав, суулганы хэлтэрхийнүүд эсвэл өмхөрсөн модны хэсгүүдээс өөр сонирхол татахуйц зүйл гарахгүй л байлаа. Археологичийн найдвар алдарч эхлэв. Дээрээс нь борооны улирал ойртож, хүчтэй аадар бороо бүх төлөвлөгөөг нураахаар заналхийлж байв.

Эцсийн мөчид түүнд аз дайрав. Газар ухагч машины ковшоос лаг шавар, модны мөчиртэй хамт копал гэх анхилуун модны жижиг хэмжээтэй шар давирхай гарч ирэв. Томпсон давирхайг хэсэг зуур гартаа барьж, түүдэг галд хийсэн даруйд ойр орчим анхилуун үнэр тархжээ. Маяачууд ийм давирхайг зан үйлдээ ашигладаг байсан. Өөрөөр хэлбэл найдвар байна гэсэн үг. Удалгүй уснаас гоёмсог сийлбэр бүхий алт, зэс таваг, хаш чулуун гоёл чимэглэл, хүрэл хонх, шавар аяга, гоёмсог хийцтэй сүх зэрэг үнэт олдворууд гарч ирэх болжээ. Олдворуудын дунд хүний араг яс, эмэгтэй хүний гавлын яс зэрэг гарч иржээ.

АНУ руу буцахдаа Томпсон бүх олдвороо авч явсан байна. Тэрээр олзоо Харвардын их сургуулийн дэргэдэх Пибоди музейн судлаачдад үзүүлэхэд судлаачид алмайрч орхив. Нэг талаас домог худал хэлдэггүйг батлав. Сенотын ёроолд үнэхээр алт, эрдэнэс байлаа. Нөгөө талаар, Чак бурхны сүйт бүсгүйчүүдийн тухай домог савангийн хөөс мэт замхрав.

Алдаатай нээлт

Томпсон гавлын яснуудыг эмэгтэйчүүдийнх хэмээн яаран дүгнэсэн байна. Худгаас нийт 40 хүний араг ясыг гаргажээ. Араг яснууд сайн хадгалагдсан байжээ. Домог ёсоор араг яснууд нь бүгд тахил болгон өргөсөн эмэгтэйчүүдийнх байх ёстой хэдий ч бодит байдалд яг ч тийм биш байлаа. Гавлын ясны 13 нь 18-55 насны эрэгтэй хүмүүсийнх байсан бол найм нь 18-54 насны эмэгтэйчүүдийнх, 21 нь 0-12 насны хүүхдийнх байсныг Пибоди музейн антропологич Эрнест Хутоны тайланд дурдсан байдаг.

Найман эмэгтэйн гурав нь амьд ахуйдаа толгойдоо гэмтэл авч байжээ. Толгойдоо хүнд зүйлээр цохиулсан байв. Нэгийнх нь хамар нь хугарсан байсан бол эрэгтэйчүүдийн араг яс ч бас бүрэн бүтэн байгаагүй.

Өөрөөр хэлбэл тахилд өргөгдсөн хүмүүс язгууртан гаралтай биш байсныг энэ бүх баримтууд илтгэж байна гэж Хутон дүгнэжээ. Тэд боолууд байсан байх магадлал өндөр.

Испанийн лам Роман-и-Саморрагийн үлдээсэн тэмдэглэлд маяачуудын зан үйлийн тухай бичсэнээс үзвэл Хутоны дүгнэлт зөв байх талтай.

Ламын бичсэнээр, аливаа удирдагч нас барсны дараа язгууртан, ахлагчид оршуулах ёслолд нь оролцохдоо алт, эрдэнэс зэрэг үнэтэй өргөлөөс гадна тахил өргөхөд зориулж нэг нэг эрэгтэй эсвэл эмэгтэй боол авчирдаг байжээ.

Эдвард Томпсон алдаатай дүгнэлт хийсэн ч оносон нь бас бий. Сенот цөөрөмд зөвхөн эмэгтэйчүүдээр тахил өргөдөг байсангүй. Харин эртний үнэт эд зүйлс эрдэмтдийн сонирхлыг татсан нь дамжиггүй. Ёроолд нь өөр зүйлс үлдсэн юм биш байгаа?

1961 онд Мексикийн Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн судлаачид Чичен Ицаг зорьжээ. Тэд Томпсоны ашигласан газар ухагчаас илүү мэргэжлийн багаж, төхөөрөмжтэй байв.

Сенот тэдний өмнө соёлын нэгэн өвөрмөц агуулахыг нээжээ.

Худагт зөвхөн маяачуудын төдийгүй тус бүс нутгаас хол амьдарч байсан бусад омог, үндэстний эдлэлүүд олдсон байна. Эдгээр зүйлс хэрхэн сенотод хүрэв? Хариулт нь Юкатаны хамба лам Диего де Ланд Калдероны номоос олдов.

“Маяачууд худалдаа хийх дуртай байсан. Худалдаачид хуурай газар, тэнгисээр Төв Мексик, ацтекуудын эзэнт гүрэн, зүүн чигт Коста Рика, Панамыг зорьдог байжээ. Тэд давс, даавуу, зөгийн бал зөөж, оронд нь какао, хаш чулуу, алт, зэсээр хийсэн эдлэл авна. Маяачууд өөрсдөө металл үйлдвэрлэдэггүй байжээ. Тиймээс металл эдлэлүүд нь дандаа гаднаас авчирсан зүйлс юм гэж хамба бичсэн байдаг.

Томпсоны энэхүү “дутуу” нээлт шавхагдаагүй л байна.

Өнөөг хүртэл зан үйлийн худаг судлаачдын анхаарлыг татсаар. Тахилын худгийн ёроолд олон олон нууц нуугдсаар байгаа гэдэгт эрдэмтэд эргэлздэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top