Эртний маяачуудын харгис тахил өргөх зан үйлийн нууцыг тайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Эртний маяачуудын археологийн олдворууд, тэр дундаа шүд, гавлын яс, гар, эрүүний яс зэргийг тахил өргөх, хүчирхийллийн шинжтэй зан үйлийн ул мөр хэмээн тайлбарласаар ирсэн.

Гэтэл угсаатан зүйн түүхийн эх сурвалжуудаас үзвэл эртний маяачууд сүнс, хойд насны талаар илүү нарийн ойлголттой байжээ гэж Journal of Anthropological Archaeology сэтгүүлд бичсэн байна. Доктор Анжелина Локерын үзэж буйгаар, эртний маяачуудын ойлголтоор сүнсийг дөрвөн төрөлд хуваадаг байна. Баах буюу “би” нь толгой, Ик’ нь сүнсний амьсгал бөгөөд салхи, хаш болон шүдээр илэрхийлэгддэг, Ч'улел нь зүрх, цусны мөн чанар, Уахи буюу гол төлөв амьтнаар дүрслэгддэг сүнс байдаг гэж үздэг байжээ. Тиймээс талийгчийн сүнстэй холбогдохын тулд бие цогцсыг нь бүхлээр нь хадгалах шаардлага байгаагүй аж. Зөвхөн гавлын яс эсвэл шүд нь л хангалттай байсан аж.

Доктор Локер МЭӨ 300-МЭ 250 оны үед хамаарах булшинд судалгаа хийжээ. Орчин үеийн Белиз хот, эрт үеийн Дос Омбрес хотоос 1.5 км зайд байрлах булшнуудын нэгт залуу эмэгтэйн болон шүдээр нь төлөөлүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хоёр эрэгтэй нийт гурван хүний шарил олдсон тул тахилтай холбоотой гэж үздэг байжээ. Судалгаагаар эл булш нь нутгийн залуу эмэгтэйнх болохыг тогтоосон бөгөөд шарилын дэргэд зан үйлтэй холбоотой дунгийн яснуудыг тавьсан байжээ. Харин хоёр эрэгтэй тухайн нутгийнх биш байсныг шинжилгээгээр тогтоосон байна. Тэд тахилын золиос бус харин шинэ газарт шилүүлсэн өвөг дээдсийн төлөөлөл байжээ. Маяачуудын итгэл, сүсэг болон био археологийн мэдээлэл дээр тулгуурлан Локер маяачуудын өвөг дээдсийнхээ шарилыг шилжүүлэх нь тухайн газрыг эзэмших эрхээ баталгаажуулах, өвөг дээдэстэйгээ холбоо тогтоох, сүнсээ хамгаалах нэг арга байсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.111) 2025 оны 06 сарын 01

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu