Маяа омгийнхон Төв Америкт өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншлийг цэцэглүүлж байсан агуу түүхтэй. Маяачуудын соёл иргэншил эртний Ромын үетэй зэрэгцэн хөгжин цэцэглэж байсан ч IX зууны сүүлээр маяачуудын сүрлэг хотууд эзгүйрчээ. Шинжлэх ухааны шинэ ололтууд эртний энэ соёл иргэншил мөхсөний учир шалтгааны талаар урьдын таамгуудыг эргэн харахад хүргэсээр.
Маяачуудын хотын нууц
Маяа омгийнхон Юкатан хойг дээр 40 гаруй зууны турш суурьшин амьдарсаар иржээ. Хамгийн эртний олдворууд МЭӨ хоёр дахь мянганд хамаардаг. МЭӨ эхний мянган эхлэх үед маяачууд сүрлэг хотуудыг сүндэрлүүлсэн аж. Харин МЭ 250-900 оны хооронд тэдний соёл иргэншил ид цэцэглэж байв. Маяачууд урлаг, шинжлэх ухаан, архитектур, нийгмийн байгууллага, бичиг үсэг, одон орны хуанли хөгжүүлж байсан. Гэтэл 810-аас 1050 оны хооронд амьдрал цэцэглэж байсан бүх хот эзгүйрчээ. Ойролцоогоор 950 онд маяачуудын соёл иргэншлийн нийслэл Тикал хотыг хамгийн сүүлчийн оршин суугчид нь орхин гарчээ.
Маяа хэзээ ч нэгдмэл эзэнт гүрэн байгаагүй. Хот улсууд нь байнга өөр хоорондоо болон хөрш улсуудтай байлдаж байв. Тэдний хамгийн хүчирхэг хөршүүдийн нэг Теотиуакан таван зууны турш орчин цагийн Мексикийн нутаг дэвсгэрт оршиж байв. Теотиуакан хот үүнээс ч өмнө буюу VII зууны сүүлч үед мартагдсан байна. Эртний соёл иргэншлийн сүр хүчний илэрхийлэл болсон эдгээр хот улсууд мөхөх болсон шалтгааныг түүхчид галт уул дэлбэрэх, урт хугацааны ган гачиг зэрэг байгалийн гамшгаас үүдэлтэй нийгмийн сөргөлдөөнтэй холбон тайлбарлаж байна.
Таамаг нэг. Ган, усны гачигдал
Мексикийн Чичанканаб нуурын ёроолын тунадасны изотоп шинжилгээний дүнгээс үзвэл IX-X зууны зааг дээр энд хүчтэй ган гачиг болж байжээ. Эрдэмтдийн тооцоолсноор, агаар мандлын тунадасны жилийн хэмжээ 50-70 хувиар, харьцангуй чийгшил 2-7 хувиар буурсан байна. Ган гачигийн оргил үе Юкатанд МЭ 200 онд мөн болж байсан аж. Археологичдын мэдээллээр, тухайн үед маяачуудын томоохон хотын нэг болох Сейбал хотын хүн ам огцом цөөрч байжээ. Харин Тикал хотын оршин суугчид уур амьсгалын шинэ нөхцөлд дасан зохицож чадсан байна. Тэд усжуулалтын суваг шуудуу, усан сангийн систем байгуулан зөвхөн чихэрлэг эрдэнэ шиш тариалж эхэлжээ. Чихэрлэг эрдэнэ шиш нь хөдөө аж ахуйн бусад таримал ургамлыг бодвол ус бага шаарддаг. Гэхдээ энэ нь IX зуунд илүү урт хугацаанд үргэлжилсэн ган гачигийг давахад тусалж чадаагүй гэж эрдэмтэд үзэж байна. Олон жил дараалан ургац алдсан ойр орчмын суурингийн оршин суугчид усан сангууд нь дүүрэн хот руу тэмүүлсэн бол ус, хүнсний нөөц дуусах үед хүмүүс ширэнгэ рүү нүүдэллэжээ. Тикал хоттой нэгэн зэрэг олон арван жил бороо ороогүй Юкатаны төв болон өмнөд зүгт байрлаж байсан бүхий л томоохон хотууд эзгүйрсэн нь энэ таамгийг баталдаг. Харин Юкатаны хойд болон уулархаг бүсэд оршиж байсан Каминалхуйу зэрэг жижиг суурингууд тэсэж үлдсэн байна.
Таамаг хоёр. Мөнгөн ус
АНУ-ын эрдэмтэд саяхан Тикал хотын мөхлийн талаар нэгэн сонирхолтой хувилбар дэвшүүлжээ. Тэд тус хотын гол дөрвөн усан сангийн тунадаснаас авсан дээжид геохимийн болон молекул, генийн шинжилгээ хийсний дүнд хотын төвд байрлах хоёр усан сан дахь мөнгөн ус, фосфатын агууламж маш өндөр байсныг тогтоосноос гадна хортой цианобактерийн ул мөр илрүүлжээ. Ийм усыг хэрэглэх нь амь насанд аюултай аж. Спектрометрийн шинжилгээнд тулгуурлан судлаачид маяачуудын улаан будаг гаргаж авахын тулд ашигладаг байсан синнабар гэгч улаан өнгийн бодис мөнгөн усны эх үүсвэр байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эртний маяачууд улаан будгийг байшин барилга, шавар эдлэл зэрэг эд хэрэгслээ будахад өргөнөөр ашигладаг байв. Харин аадар бороонд будагч бодисын мөнгөн ус урсаж, усан санд тунадаг байсан гэнэ. Сонирхолтой нь усан сан дахь мөнгөн усны хэмжээ дээд цэгт хүрэх үед хотын хүн ам огцом буурсан байдаг байна.
Мөнгөн усаар бохирдсон энэ хоёр усан сангаас гадна Тикал хотын оршин суугчид өөр олон усан сангаас ус авах боломжтой байжээ. Эдгээр усан сангаас судлаачид хорт бодис илрүүлээгүй байна. Тиймээс энэ хувилбарыг эргэлзээтэй гэж үздэг.
Таамаг гурав. Эрдэнэ шиш
АНУ-ын антропологичид Белиз улсын нутаг дэвсгэрт орших эртний Кахал Печ суурин дахь хагас зуун булшинд судалгаа хийжээ. Нүүрсхүчлийн цацраг идэвхт изотопын мэдээллээс үзвэл, эдгээр булшны тал нь МЭӨ 735-400 онд хамаарч байсан бол нөгөө хэсэг нь уналтын үе буюу МЭ 800-850 онд хамаардаг аж. Шарилуудын ясны коллаген дахь нүүрсхүчлийн тогтвортой изотоп, азотын агууламжийг хэмжих замаар эдгээр хүмүүс юу идэж байсныг эрдэмтэд тогтоосон байна. Эртний маяачууд эрдэнэ шишээс гадна бусад ногоо, ургамал, амьтны мах зэрэг илүү баялаг хоол хүнс хэрэглэдэг байсан бол хожим үед зөвхөн чихэрлэг эрдэнэ шишээр хооллодог болсон байна. Эрдэнэ шиш нь халуунд тэсвэртэй, ус бараг шаарддаггүй ургамал. Ган гачигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдэд өөр сонголт байсангүй. Нэг төрлийн хүнс хэрэглэх тохиолдолд хүний бие организм илүү сул болдог байна. Тиймээс антропологичид маяачууд генийн доройтолд орж, мөхсөн гэж үзжээ.
Таамаг дөрөв. Дайн
Маяачууд түүхэн явцдаа байнга өөр хоорондоо байлдаж байв. Түүхэн эх сурвалжид энэ талаар олон тооны баримтыг дурдсан байдаг. Олон тооны орон нутгийн шинж чанартай дайныг тахил өргөхөд зориулж хүмүүсийг олзлох эсвэл язгууртнуудаас барьцаа, төлөөс авахын тулд дэгдээдэг байсан бөгөөд цэвэр зан үйлийн шинжтэй гэж үзэж байжээ. Үүний сацуу маяачуудын он дарааллын бичигт хаадын гэр бүл хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцлийн талаар байнга дурддаг. Гэтэл саяхан Америкийн эрдэмтэд энэ хувилбарыг эргэн харахад хүргэсэн шинэ нээлт хийсэн байна. Калифорнийн их сургуулийн антропологичид АНУ-ын Геологийн албаны ажилтнуудтай хамтран Гватемалын хойд хэсэгт орших эртний Вицна хот орчмын нуурын тунадаснаас VII зууны сүүлч үед хамаарах нүүрсэн давхарга илрүүлжээ. Түүхэн эх сурвалжаас үзвэл тухайн үед Вицна хотыг хөрш Наранхо хот улсын дайчид эзэлж, шатаасан байдаг. Үүнээс өмнөхөн газар нутгийнхаа талыг алдсан Наранхо хотыг долоон настай хүүгийнхээ өмнөөс захирч байсан хатан хаан нь өрсөлдөгч хотуудыг устгах аян өрнүүлж байв. Эрдэмтэд шинэ нээлт энэ үйл явдалтай холбоотой гэдэгт итгэлтэй байна. Эк’Нааб нуурын ёроолд мянган жилийн туршид хуримтлагдсан долоон метр өргөн тунадасыг судалсны дүнд эрдэмтэд МЭ 690-700 онд хамаарах шатсан нүүрсний ганц давхарга л илрүүлжээ. Он дарааллын бичигт зааснаар Вицна хотыг 697 оны тавдугаар сарын 21-нд эзэлж байв.
Ингэхээр маяачууд хөршүүд рүүгээ дайрахдаа хүмүүсийг олзлоод зогсохгүй бүхий л барилга байгууламж, тариалангийн талбайг нь галдан шатаадаг байсан аж. Түүхчид маяачуудын он дарааллын бичигт үүнийг гэрчлэх нэгэн онцгой үг олсон нь puluuy буюу дайсны хотыг шатаах гэсэн утгатай үг. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийг олноор нь оршуулсан булшнууд, хотын бэхлэлт, хаадын бахархал болсон олон тооны цэрэг, арми зэрэг түүхэн баримт маяачууд багагүй дайчин, хэрцгий ард түмэн байсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл эрдэмтэд маяачууд өөрөө өөрсдийгөө сөнөөсөн гэж үзэж байна.
Түүхэн эх сурвалжаас үзвэл, IV зуунд Тикал хотыг Теотиуакан хотын дайчид эзлэн шатааж байсан бол зургаа дахь зууны турш тус хот бүс нутагтаа ноёрхлоо тогтоохын тулд хөрш зэргэлдээх Калакмул хоттой тэмцэлдсэний эцэст буулгаж авсан байдаг. Калакмул Тикалтай хийсэн дайнд ялагдаж, уналтад орсныг үгүйсгэхгүй.
Таамаг тав. Бүх гай нэгэн зэрэг
Маяачуудын хувь тавилан оньсого хэвээр. Тэднийг нэгэн зэрэг хэд хэдэн хүчин зүйлс мөхөхөд хүргэсэн гэж зарим эрдэмтэд үздэг. Тэд түүхэн эх сурвалжуудын нэгтгэн дараах дүр зургийг гаргажээ. Тикал нь 830-аас 950 оны хооронд болж байсан дайн, тулааны улмаас хүн амынхаа дийлэнх хувийг алджээ. Энэ үеэр тус бүс нутагт ган нүүрлэж, усны нөөц бүхий хот дүрвэгсдийн давлагаанд өртсөн байна. Усны чанар муу дээр хоол хүнсний хомсдол бий болсны улмаас бослого тэмцэл газар авав. Тэмцэгчид хаадын орд өргөөг эзлэн авч, хотын зан үйлийн талбайд сүрлэн овоо босгож, хөшөө барилгуудыг нурааж, заримыг нь энгийн ард иргэд зан үйлдээ ашиглажээ. Захирагчдын булш, бунхныг тонон дээрэмджээ. Энэ бүх үйл явдлыг археологийн олдворууд гэрчилдэг.
Тикал хот XI зуун гэхэд бүрэн эзгүйрсэн. Нэгэн цагт сүр хүчний бэлгэ тэмдэг болж байсан сүрлэг байгууламжууд ширэнгэнд идэгдэж, маяачуудын агуу соёл иргэншил дэлхийн хөрснөөс арчигдав. Гэхдээ маяачууд өөрсдөө хаашаа ч алга болоогүй. Тэд өдгөө Юкатан хойг дээр амьдарсаар байгаа бөгөөд өнгөрсөн үеэ санан дурсана. Тэд л өвөг дээдсийнхээ агуу соёл иргэншлийн сүүлчийн гэрч болох эртний хотуудыг хаанаас олохыг Европын болон Америкийн судлаачдад зааж өгсөн байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Soyol gej baihgui. Irgenshliin hev mayag gej baina. Nuudliin soyol irgenshil gej baihgui amidraliin hev mayag gej bn.
Soyol gej baihgui. Irgenshliin hev mayag gej baina. Nuudliin soyol irgenshil gej baihgui amidraliin hev mayag gej bn.
Soyol gej baihgui. Irgenshliin hev mayag gej baina. Nuudliin soyol irgenshil gej baihgui amidraliin hev mayag gej bn.
Sonirholtoi yumaa