Эртний маяачуудын хүүхдүүдээр тахил өргөдөг байсан газрыг олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 13

Германы Макс Планкийн нэрэмжит Хувьслын антропологийн хүрээлэнгийн удирдлага дор олон улсын археологичдын баг Мексикт эртний маяачуудын шашны зан үйлийн үеэр тахилга болгож өргөсөн хүмүүсийн олноор нь оршуулсан булш илрүүлжээ. Цуст зан үйл 500 жилийн турш үргэлжилсэн тухай “Nature” сэтгүүлд онцолжээ.

Юкатан хойг дахь Чичен Ица хотын усан сангийн газар доорх байгууламжид 100 гаруй хүний шарил олдсон байна. Шинжилгээгээр, тус байгууламжийг VII зууны эхээс XII зууны дунд үе хүртэл ашиглаж байжээ.

Шарилуудад хийсэн гений шинжилгээгээр, эдгээр шарил нь 3-6 настай хөвгүүдийнх байснаас 25 орчим хувь нь ихрүүд байжээ.

Археологичид эртний маяачууд хүүхдүүдийн амийг тасалж, тахил өргөдөг байсныг тогтоож чадаагүй байна. Яснууд дээр ямар нэгэн гэмтлийн ул мөр илрээгүй байна. Тиймээс шашны зан үйлийн үеэр тэдэнд хор өгдөг байсан байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Шарилуудыг газар доор оршоосноос үзвэл бороо оруулах эсвэл сайн ургац хураахын тулд хөвгүүдээр үржил шимийн бурхдад тахил өргөдөг байсан байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top