Чичен Ицагийн ойролцоо маяачуудын каноэ завь илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

Мексикийн Юкатан хойг дээр 1000 гаруй жилийн настай модон каноэ завь илрүүлжээ.

Маш сайн хадгалагдаж үлдсэн энэхүү ховор олдворыг археологичид Маяагийн соёл иргэншлийн төв байсан Чичен Ицагийн туурь орчмын сенот гэх цэвэр устай агуйн цөөрмөөс олсон байна.

Мексикийн антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, каноэ завины урт нь 1.6 м, өргөн нь 80 см гэнэ. Олдворыг ус хадгалах зорилгоор эсвэл зан үйлийн үеэр тахил өргөхөд ашиглаж байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Тус хүрээлэнгийн судлаачид тус завь нь маяачуудын соёл иргэншил цэцэглэж байсан газар нутгаас олдсон 1000 гаруй жил орчим настай анхны олдвор гэж онцолжээ. Завины насыг Сорбонны их сургуулийн эрдэмтэдтэй хамтран нарийвчлан тогтоох гэнэ. Одоогоор тус олдворыг МЭ 830-950 он буюу маяачуудын соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийн сүүлд үед хамаарна гэж үзэж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top