Хэдэн зуун тонн хүний эд эрхтэн хуримтлагдсан байсан нь ил болжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Их Британид хэдэн зуун тонн хүний эд эрхтэн, биеийн хэсгүүд, эмнэлгийн аюултай хаягдлууд хуримтлагдсан тухай мэдээлэл алдагдаж, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.

Алдагдсан мэдээллээс үзвэл Их Британийн “Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ” компани 50 орчим компанитай гэрээ байгуулан мэс ажилбараар тайрч авсан өвчтөнүүдийн эд эрхтэн, гар хөл, химийн эмчилгээний хортой химийн бодисууд, халдвар бүхий цус болон бусад эмнэлгийн хаягдлыг устгах ажлыг гүйцэтгүүлдэг байна.

Британийн засгийн газрын онцгой байдлын хорооны хурлаар энэ асуудлыг шийдэхийн тулд өнгөрсөн сард нэг сая фунт стерлинг төсөвлөсөн аж. The Health Service сэтгүүлийн олж илрүүлснээр, өнгөрсөн есдүгээр сард Английн умард хэсэгт байрлах хаягдлын цэгт 360 куб метр хаягдал хуримтлагдсан байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй тав дахин их байжээ. Гүйцэтгэгч HES компани мэс ажилбараар тайрч авсан хүний эд эрхтнийг хөлдөөгчид хадгалаагүй байсан бөгөөд 750 тонн эмнэлгийн хаягдлыг Нидерланд улсад гаргахаар завдаж байв.

Ил болсон баримт бичгээс үзвэл Их Британийн Байгаль орчны агентлаг HES компанид эмнэлгийн хаягдлыг заасан хугацаанд устгахыг сануулсан мэдэгдлийг 13 удаа хүргүүлж байжээ.

Харин HES компанийн зүгээс сүүлийн хэдэн жил тус улсын эмнэлгийн хог хаягдлыг шатаах төхөөрөмжийн хүчин чадал буурч байгаа тухай сануулж байсан аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top