Нобелийн энх тайвны шагналын эзэд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

Нобелийн энх тайвны шагналыг 2018 онд Конго улсын мэс засалч Денис Муквеге, Иракийн хүний эрх төлөө тэмцэгч Надиа Мурад нар хүртлээ.

Бэлгийн хүчирхийллийг дайн болон зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг зогсоохын төлөө гаргаж буй тэдний хүчин зүтгэлийг үнэлэн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртээлээ.

Надиа Мурад нь Ирак гаралтай хүний эрхийн төлөө тэмцэгч. Тэрбээр 2014 онд Исламын бүлэглэлийн алан хядагчдад олзлогдож, бэлгийн хүчирхийлэлд өртөж, зодуулж тамлуулсан 3000 орчим язиди үндэстэн охид, эмэгтэйчүүдийн нэг нь юм. Түүний ээж, зургаан ах нь Исламын бүлэглэлийн алан хядагчдын гарт нэг өдөрт амь үрэгдсэн аж. 2016 онд АНУ-ын Конгрессын индрээс тэрбээр язиди үндэстэн хэдэн мянган охид, бүсгүйчүүдийн алан хядагчдын гарт хэрхэн зовч, тарчилсан талаар дэлгэрэнгүй ярьж, Исламын бүлэглэл зэрэг алан хядах бүлэглэлийг бүрэн устгахыг  уриалсан билээ.

Муквеге нь дэлхийд танигдсан Конго улсын мэс засалч бөгөөд Конго улсын Букаву хотын Панзи эмнэлгийг үндэслэн байгуулсан. Түүнийг бэлгийн хүчирхийллийн золиос болсон охид, бүсгүйчүүдийн аврал хэмээн Конго улсад нэрлэдэг бөгөөд олон мянган охид бүсгүйчүүдийг аварч, итгэл найдвар өгсөн эрхэм юм. Түүний байгуулсан эмнэлэг бэлгийн хүчирхийллийн улмаас үүсэн шарх зэргийг эмчлэхээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Андерсен Энх тайвны Нобелийн шагналтнуудад хүндэтгэл үзүүлж өөрсдийн аюулгүй байдлаар дэнчин тавьж дайны гэмт хэрэгтэй эрэлхэгээр тэмцэж, дайны гэмт хэргийн золиос болсон олон мянган хүний амь нас, эрхийг хамгаалсан гэж онцолжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top