ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙН ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

Энэ долоо хоногт дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нобелийн шагналын эзэд тодорлоо. Анагаах ухааны салбарт АНУ, Японы дархлаа судлаач эрдэмтэд болох Жеймс Эллисон, Тасуку Хонжо нар 2018 оны Нобелийн шагнал хүртлээ. Хүний биеийн байгалийн дархлаа хорт хавдартай хэрхэн тэмцдэг талаар хийсэн судалгаа нь тэрхүү эрдэмтдэд дэлхийн шинжлэх ухааны салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг авчирчээ. 2018 оны физикийн салбарын шагналыг лазераар мэс засал хийх судлаачдад олгохоор болжээ. АНУ-ын “Беллийн Лаборатори”-н судлаач Артур Эшкин, Канадын Уотерлоогийн их сургуулийн профессор Донна Стриклэнд, АНУ-ын иргэншилтэй франц гаралтай эрдэмтэн Жерард Могу нар хүртсэн байна.

Олон улсын хэвлэлээр 2018 оны Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хүртэх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байсан ч аль аль нь энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болж чадсангүй. 2018 оны Нобелийн энх тайвны шагналыг Конго улсын мэс засалч Денис Муквеге, Иракийн хүний эрх төлөө тэмцэгч Надиа Мурад нар хүртлээ. Бэлгийн хүчирхийллийг дайн болон зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг зогсоохын төлөө гаргаж буй тэдний хүчин зүтгэлийг үнэлэн дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг олгожээ.

Энэ жил Нобелийн хороо уран зохиолын салбарын Нобелийн шагналыг л олгохгүй байхаар тогтсон билээ.

Энэ долоо хоногт худалдааны дайнаас үүдэлтэй АНУ, БНХАУ хоёр улсын  харилцааг хурцатгасан мэдэгдлүүд шил шилээ даган гарлаа. БНХАУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-ын Батлан хамгаалах яам хооронд аравдугаар сарын дундуур хийх байсан аюулгүй байдлын уулзалтыг Хятадын талаас цуцлав. Батлан хамгаалах салбарын өндөр дээд хэмжээний уулзалтаар хоёр талын батлан хамгаалах салбарын бодлого, бүс нутагтаа хэрэгжүүлэх стратеги, дэлхий дахинд тулгамдаад байгаа аюулгүй байдлын асуудлуудыг хөндөн ярилцах байсан юм. Тус уулзалтыг цуцлах болсон нь АНУ-тай үүсээд байгаа худалдааны маргаан, Тайванийн талыг илт дэмжсэн бодлого, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг өөрсдийнхөө өнцгөөс тайлбарласнаас болж Хятадын тал цуцлах болсон гэж шинжээчид дүгнэж байна.

Аравдугаар сарын 4-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Спенс БНХАУ-ыг 2018 оны АНУ-ын парламентын сонгууль болон ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөх үүднээс олон нийтийн санал бодолд нөлөөлөхийг оролдож байна хэмээн мэдэгдэв. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гүтгэлэг хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мөн эрс няцаалаа.

Түүнчлэн, Хятад улс өөрийнх нь эсрэг АНУ-ын хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд дахин нэг хариу барихаар бэлтгэж байна. АНУ-ын засгийн газрын өрийн бичигт оруулж буй хөрөнгө оруулалтаа багасгаад байгаа Бээжин аравдугаар сард дахин гурван тэрбум ам.долларын хөрөнгөө татаж авахаар төлөвлөж байгаа аж. Хятад улс нь АНУ-ын эдийн засгийн хамгийн том зээлдэгч юм. Хятадын төв банканд гурван их наяд ам.долларын үнэ бүхий АНУ-ын засгийн газрын үнэт цаас төвлөрч байгаа бөгөөд энэ нь Вашингтоны нийт зээлийн 20 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Аравдугаар сарын 4-5-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ээлжит айлчлалаа хийлээ. 2000 оноос хойш тус хоёр улсын тэргүүн нар жил бүр дээд хэмжээний уулзалт хийдэг бөгөөд уулзалт нь сондгой тоотой онд ОХУ-д, тэгш тоотой онд Энэтхэгт болдог байна.

Аравдугаар сарын 5-ний өдөр болсон өргөтгөсөн яриа хэлэлцээний дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, нийт 20 хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Вашингтон Оросын зэвсгийг худалдан авсны төлөө хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж буй энэ үед 5 тэрбум ам.долларын өртөг бүхий С-400 зенит пуужингийн систем худалдан авах гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. 

ОХУ 2022 онд анхны бие даасан сансрын нислэг хийх төсөлд дэмжлэг үзүүлэх тухай Энэтхэгийн хүсэлтийн хүлээн авлаа. Энэ хүрээнд Энэтхэгийн анхны сансрын багийг Орос улсад бэлтгэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 2018 оны тавдугаар сард Оросын Сочи хотноо болсон уулзалтын үеэр талууд хоёр талын бараа эргэлтийн хэмжээг 30 тэрбум ам.долларт хүргэх томоохон зорилт тавьсан юм. Зургадугаар сард ОХУ Энэтхэг улсад шингэрүүлсэн хийн анхны нийлүүлэлт хийсэн билээ. 

Энэ долоо хоногт байгалийн гамшиг Японыг дахин нөмөрч, Трами далайн хар шуурга болж, Хоккайдо аралд дахин газар хөдөллөө. Азаар хүний ам эрсдээгүй бол Индонезд улсад есдүгээр сарын 28-ны өдөр болсон газар хөдлөлт, цунамигийн хохирлын хэмжээ улам бүр ноцтой болсоор. Сүүлд авсан мэдээллээс үзвэл, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1648-д хүрч, ор сураггүй болоод байгаа хүний тоо нэг мянгаар нэмэгдэж магадгүй аж. Учир нь албан ёсны эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, мянга гаруй хүн нурангид дарагдсан байх магадлалтай байгаа аж. Урьдчилсан тооцоогоор байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 658 тэрбум ам.долларт хүрээд байна.

 Энэ долоо хоногт нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой хэрэг дахин гарлаа. Фэйсбүүк компанийн мэдээллээр 50 сая хэрэглэгчийг хакердаж, нууц үгийг нь өөрчилжээ. Одоогоор цагдаагийн байгууллагатай хамтран хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Системийн цоорхойноос шалтгаалан хакерчид халдсан байж магадгүй байгаа аж. Хакердуулсан иргэдийн дийлэнх нь европ болон Өмнөд Америкийн хэрэглэгчид байгаа юм.

ОХУ аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны экспортын гаалийн татварын хэмжээгээ тонн тутам 137.5 ам.доллар болгож нэмлээ. Бензиний экспортын гаалийн татварын хэмжээг тонн тутам 41.2 ам.доллар хүртэл нэмсэн бол шингэрүүлсэн хийн гаалийн албан татварын хэмжээ тонн тутамд 27.6 ам.доллар болж тус тус нэмэгджээ.

Бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг “MeToo” хөдөлгөөн дэлхий даяар өрнөж буй энэ үед 33 настай португал “хөлбөмбөгч Криштиано Роналдог 34 настай Кэтрин Майорга хүчингийн хэрэгт буруутган, АНУ-ын Невадагийн шүүхэд гомдол гаргажээ. Ийнхүү дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг таван удаа хүртсэн Роналдо шүүхийн өмнө хүчингийн хэрэг хийгээгүй гэдгээ нотлох ёстой болоод байна. Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо хүчингийн хэрэгт нэр холбогдож, хэвлэлүүдээр энэ талын мэдээллүүд байнга цацагдах болсон тул түүний ивээн тэтгэгч компаниуд гэрээгээ цуцлах талаар бодолхийлж эхэлжээ.

Францын ерөнхийлөгчийн нүцгэн хар арьст эрчүүдтэй авахуулсан гэрэл зураг шуугиан тарьж, найман настай бяцхан Швед охин викингийн үеийн 1500 орчим жилийн настай сэлэм нуураас олж, Жастин Бибер Хэйлийг үүрд хайрлах амлалт өгсөн өнгөрч буй долоо хоногт харамсалтай нь Таканоива А.Баасандорж, их аварга Харумафужи П.Бямбадоржийг шүүхэд өгч 500 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн хэрэг Японы хэвлэлээр цацагдаж, сүмо бөх сонирхогч монголчуудын сэтгэлийг гонсойлголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top