Дэлхийн загасны хамгийн том захын эрин үе төгслөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

 

Дэлхийд алдартай загасны хамгийн том Цукижи зах уламжлалт ёсоор өглөөний 5.30 цагт нээгдэж, хамгийн сүүлчийн арилжаагаа хийснээр аравдугаар сарын 6-ны өдөр үүдээ барилаа. 2020 оны Токиогийн олимпын бэлтгэл ажлын хүрээнд тус захыг нүүлгэж байгаа билээ.

83 жилийн түүхтэй Цукижи захыг “Японы гал тогоо” хэмээн нэрийддэг бөгөөд өдөрт 1500 тонн загас, далайн бүтээгдэхүүнийг борлуулж, Японы бөөний худалдааны 25 хувийг бүрдүүлдэг.


Хамгийн сүүлийн дуудлага худалдаагаар 160 кг жинтэй туна загас 4.38 сая иен буюу 38 мянган ам.доллараар зарагдаж түүхэнд үлдлээ. Цукижи захын түүхэнд хамгийн үнэд хүрсэн туна загасны дуудлага худалдаа 2013 онд тэмдэглэгдсэн бөгөөд 200 кг жинтэй туна загас 1.8 сая ам.доллараар зарагдсан юм.


Загасны шинэ зах Тоёсу дүүрэгт хоёр жилийн өмнө нээгдэх ёстой байсан ч шинэ газрын хөрсөн дэх бензол, цианитын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тул хойшлуулах хэрэг гарчээ. Энэ оны зургадугаар сард шинэ захын нөхцөл аюулгүй болсон гэж мэргэжилтнүүд үзсэн бөгөөд аравдугаар сарын 11-ний өдөр нээгдэх юм.

Цукижи захыг нүүлгэхтэй холбоотой хэд хэдэн асуудал гарч ирж буйн нэг нь харх болоод байгаа аж. Цукижи зах орчимд ойролцоогоор 10 мянган харх амьдардаг гэсэн тооцоо байдаг бөгөөд сүүлийн саруудад авсан устгалын арга хэмжээний дүнд хархын тоо 1700-аар хорогдсон байна. Хархыг устгах арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар Токио хотын захиргаа мэдэгдээд байгаа ч зах нүүснээр хоолгүй хоцорсон хархын арми алдарт захын ойр орших Гинза дүүргийн оршин суугчид, тансаг зэрэглэлийн дэлгүүрийн эздийн сэтгэлийг түгшээж байна. Энэ хооронд Цукижи дүүргийн оршин суугчид харх үргээдэг хэт авианы хэрэгслүүдийг үүдэндээ өлгөж эхэлжээ.



Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(59.153.112.221) 2018 оны 10 сарын 06

algana

0  |  0
Top