Сэтгүүлч бүсгүйг хүчирхийлж, боомилж хөнөөжээ

2018 оны 10 сарын 08

Болгар улсад сэтгүүлчийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тус улсын TVN орон нутгийн телевизийн захирал болон  хөтлөгчөөр ажилладаг байсан  30 настай сэтгүүлч  бүсгүй Виктория Мариноваг хөнөөжээ.  Сэтгүүлч бүсгүйн цогцос  Рус хотын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс олджээ. Урьдчилсан үзлэгээр бүсгүйг хүчирхийлж, зодож, боомилж хөнөөсөн нь ил болоод буй юм байна.

Виктория Мариновагийн амь нас ийн зүй бусаар үрэгдэх болсон нь түүний сэтгүүлчийн ажилтай,  бэлтгэж байсан мэдээлэлтэй нь холбоотой гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа юм байна. Сэтгүүлч бүсгүй эрх баригчид, шийдвэр гаргагчидтай холбоотой  авлига, хээл хахуулийн баримтуудад тулгуурлан мэдээлэл бэлтгэж байсан аж.  Тодруулбал, Европын холбооноос хуваарилагдсан хөрөнгө мөнгөний зарцуулалттай холбоотой мэдээллүүд байжээ.


Дашрамд өгүүлэхэд,  амь насаа алдсан сэтгүүлчдийн арван хэргийн зөвхөн нэгд нь л  ял шийтгэл оноодог гэх судалгаа бий.  Сэтгүүлчид  илэрхий гадны нөлөөтэй амиа алдсан жишээ дэлхийн улс орнуудад олон. Гэсэн ч сэтгүүлчдийн амь насанд халдсан хэргүүдийн олонх нь эзэн биегүй, хариуцах эзэнгүй үлддэг нь даамжирсан үзэгдэл болсоор байгаа юм.

Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буй аюулын талаарх ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын  тайланд дурдсанаар, 2006-2013 онуудад бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж  6 хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн байдаг.


Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top