Болгарын сэтгүүлчийг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял онооно

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Болгарын сэтгүүлч Виктория Мариноваг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд Герман улсад саатуулагдсан тухай Болгарын “Нова” суваг мэдээллээ.

Хэргийн газраас авсан сорьц сэжигтний ДНК-тай таарсан байна. Энэ нь тус хэргээр саатуулагдсан хоёр дах сэжигтэн бөгөөд, эхний сэжигтнийг нотлон баримтыг шалгасны дараа сулласан гэнэ.

Германд саатулагдсан 21 настай сэжигтэнд хоёр зүйл ангиар бүх насаар нь хорих ял онооно гэж Болгарын ерөнхий прокурор Сотир Цацаров аравдугаар сарын 10-ний өдөр мэдэгджээ.

Северин Красимиров гэгч этгээдэд нэгд хүчингийн хэрэг, хоёрт онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэргээр ял тулгах гэнэ. Прокурор С.Цацаров, одоогийн байдлаар сэтгүүлч бүсгүйг мэргэжлийн үйл ажиллагаанаас нь болж хөнөөсөн гэж дүгнэх боломжгүй байна гэжээ. Нотлох баримтаас үзвэл хохирогч бэлгийн халдлагад өртсөн нь тодорхой байгаа бөгөөд хохирогчийн биед учруулсан гэмтэл нь үхэлд хүргэх онц хүнд байсан гэнэ. Сэжигтэн боксоор хичээллэдэг байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө их хэмжээний согтууруулах ундаа уусан байжээ.

Болгарын TVN сувгийн захиргаа эрхэлсэн захирал, хөтлөгч 30 настай Виктория Маринова аравдугаар сарын 6-ны өдөр Русе хотод онц хэрцгийгээр алагдсан. Тэрээр Европын холбооны сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэргийн талаар сурвалжлага хийж байжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top