Хөх давалгаа Хятадыг аврахгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

АНУ-ын дунд хугацааны сонгуульд Ардчилсан нам ялсан ч Вашингтон, Бээжин хоёрын эдийн засгийн болон дэлхийд ноёрхол тогтоохын төлөө хийж буй олон жилийн өрсөлдөөний мөн чанарыг өөрчлөхгүй.

Энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох сонгуулиар хөх давалгаа ирэхийг хүлээж байна. Олон нийтийн санал асуулга үнэн бол ардчилсан намынхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд дахин олонхын суудал авч магадгүй байна. Сенатад ч мөн амжилт үзүүлэх боломж харагдаж байна. Бүгд найрамдахчууд цэвэрлэгээнээс зайлсхийж чадсан ч “эвслийн” засгийн газар Америкийн улс төрийг өөрчилнө. Хоёр жил үргэлжилсэн зэрлэг улс төрийн дараа ардчиллынхан цагаачлалаас авхуулаад татварын бодлого, төсвийн зарцуулалт зэрэг олон асуудлаар ерөнхийлөгч Дональд Трампыг сорих институцийн бүтцийг дахин олж авах юм.

Гэсэн хэдий ч Ардчилсан намын ялалт улс төрийн маргааныг өөрчлөхгүй. Залгамж чанараа хадгалж үлдэх нэг асуудал бол Хятад улсын талаар баримталж буй АНУ-ын бодлого. Бүгд найрамдахчууд ялагдсан ч Бээжингийн талаар явуулж буй хатуу бодлогоо Трамп орхих бодолгүй байгаа бөгөөд ардчиллынхан түүний тактикийг хичнээн хурц шүүмжилсэн ч түүнийг өөрчлөж чадахгүй л болов уу.

Юуны өмнө ерөнхийлөгчийн байр суурийг бодох хэрэгтэй. Худалдааны гэрээ, байгууллагуулын талаар баримталж буй түүний хатуу чанга бодлого, Хятад улс АНУ-ын эдийн засгийг “хүчирхийлж” байна гэсэн итгэл, тарифын тусламжтайгаар  хүссэндээ хүрнэ гэсэн түүний итгэл үнэмшил хэт хол явжээ. Тэрбээр Хятадыг шахаанд оруулж чадсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд тариф  ногдуулснаар Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг ашиг болгоно гэж харж байна. Гэхдээ энэ нь бүр хэзээ ч биш л бол, ойрын ирээдүйд лав тохиохгүй. Бууж өгөхөөсөө илүү тулалдахыг илүүд үзэх Трампын инстинкт нь Хятадын талаар баримталж буй бодлогыг улам л батжуулна.

Түүний бодлогын уршгаар үнэ нэмэгдэж, ажлын байр цөөрч буйг ажиглаж буй зарим ардчиллынхан Трампыг зогсоохыг оролдож магадгүй. Гэвч түүнийг хазаарлах тун бэрх болохыг удалгүй олж мэдэх болно. Конгресст бусад гаднын улс гүрэнтэй хийж буй гэрээ, хэлэлцээг таслан зогсоох эрх байхгүй. Зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч хэнтэй хэлэлцээ хийх, ямар асуудал тусгах, ямар гэрээ байгуулахыг шийддэг.

АНУ-ын Үндсэн хуулиар Конгресст гадаад улс оронтой хийх худалдааг зохицуулах эрх олгосон байдаг нь үнэн. Гэвч сүүлийн 70 жил Конгресс энэхүү бүрэн эрхээ Цагаан Ордонд шилжүүлсэн. Трамп аль тохиромжтой гэж үзсэнээрээ АНУ-ын худалдааны бодлогыг өөрчлөх бүрэн эрхийг Конгресс түүнд олгосон хэмээн тайлбарладаг. Энэ нь үндэсний аюулгүй байдлын үүднээс ган, хөнгөн цагаанд импортын гаалийн албан татвар ногдуулж, мөн ийм шалтгаанаар автомашинд импортын гаалийн албан татвар ногдуулна хэмээн сүрдүүлж буйгаас нь илт харагдаж байна. Трамп ган, хөнгөн цагааны импорт болон импортын Мерседес, Мазда автомашинууд үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй гэдэг баримттай үл эвлэрдэг.

Мэдээж хэрэг, Конгресс худалдааг эрхлэх бүрэн эрхээ эргүүлэн авах боломжтой. Гэхдээ ингэхийн тулд хууль батлах шаардлагатай. Харин энэ нь нэгэн төрлийн саад тотгор болж байна. Учир нь хууль тогтоогчид худалдааны бодлого дээр гэв гэнэт нэгдэхгүй л болов уу. Конгресс хууль дээр нэгдэж чадсан тохиолдолд Трамп хориг тавих нь дамжиггүй. Конгресс гадаад бодлоготой холбоотой хоригийг хүлээн аваагүй тохиолдол сүүлийн гучин жилд ганц удаа л гарчээ. Тиймээс АНУ-ын хууль тогтоогчид хуулийн өөр гаргалгаа хайх хэрэгтэй.

Конгресс дэх ардчилсан намынханд Трампад Хятадын талаар баримталж буй худалдааны бодлогоо зөөлрүүлэх тал дээр шахалт үзүүлэхэд тулгарах хүндрэл нь улс төрийн бодит байдалтай холбоотой. Учир нь ардчилсан намын олонх нь түүний зорилготой санал нийлдэг. Хятад улс нээлттэй зах зээл, хуулийн засаглалыг сонгоно гэдэг Клинтон, Бушын засаглалын үеийн өөдрөг үзэл Капитолийд улам бүр бүдгэрсээр. Трампын адил ихэнх ардчиллынхан Хятад улс худалдааг шударга бус арга барилаар явуулж, Америкийн компаниудын худалдааны нууцаас хулгайлах, Хятадын компаниудад дотаци өгч, шударга бус давуу байдлыг олгож байна гэж хардаг. АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын хорооны эрх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Конгрессын дэмжлэг ардчилсан намынхан Хятадын худалдааны төлөвлөгөөнд санаа зовниж буйгийн илэрхийлэл юм. Тиймээс ардчилсан намынхан ялсан тохиолдолд Трампын Хятадын талаар баримталж буй худалдааны бодлого эрчимжих магадлал өндөр байна. Худалдааны хэлэлцээрт юу тусгахаас хамааран ардчилсан намынханд Трампаас өгсөн амлалтаа биелүүлэхийг шаардах улс төрийн шалтаг болох юм. Трампын тарифыг буруутгах үндэслэл болох эдийн засгийн огцом уналтаас гадна ардчилсан намынхан Трампын зорилтоос илүү тактикийг шүүмжилнэ. Гэхдээ Трампын Хятадад үзүүлэх шахалтаас ухрахгүй. Ардчилсан намын лидерууд Конгресс дах бүлэг дотор  хагарал үүсгэх худалдааны асуудалд бус, харин эрүүл мэнд зэрэг бүлгийг нэгтгэх асуудалд анхаарлаа хандуулах нь тодорхой.

Хөх давалгаа гарсан тохиолдолд Хятадын худалдааны бодлогын талаарх АНУ-ын байр суурьны өнгө өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ Вашингтон, Бээжингийн хооронд олон жил үргэлжилж буй эдин засаг болон дэлхийд ноёрхол тогтоохын төлөө хийж буй тэмцлийг сулруулахгүй юм.

Эх сурвалж: The Diplomat

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top