М.Помпео Саудын хаантай Хашоггийн хэргийн талаар ярилцлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Саудын Арабын эрх баригчид Саудын сэтгүүлч Жамал Хашоггийн алга болсон хэргийг мөрдөн шалгасны дараа болсон хэрэг явдлын талаар бүрэн дүүрэн, нээлттэй дүгнэлт гарна гэж мэдэгджээ.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салман бен Абдель Азиз Аль Сауд, угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Салман Аль Саудтай Эр-Рияд хотноо уулзалт хийв.

Уулзалтуудын үеэр М.Помпео хэргийг нээлттэй, шуурхай шалгах хэрэгтэйг онцолжээ. Помпеогийн хэлснээр Саудын хаан, ханхүү нар Истанбул дах Саудын Арабын консулын газарт болсон хэргийн талаар бүрэн мэдээлэл аваагүй хэмээн мэдэгдсэн байна.

Мөн өдрийн орой /2018.10.16/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп угсаа залгамжлагч ханхүүтэй утсаар ярьжээ. Ханхүү Саудын тал хэргийг шалгаж байгаа бөгөөд удахгүй дүгнэлт гарна хэмээн мэдээлсэн байна.

Washington Post сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамал Хашогги энэ сарын 2-ний өдөр Истанбул дах Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд орсны дараагаар сураггүй алга болсон. Саудын Арабын тал Хашогги консулын байрнаас гарсны дараа алга болсон хэмээн мэдэгдэж байгаа бол Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Саудын Араб сэтгүүлч алга болсонд хамааралгүй гэдгээ нотлох ёстой хэмээн шаардаж байгаа билээ.

Туркийн цагдаа нар аравдугаар сарын 15-ны орой Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд шалгалт хийсэн юм. Есөн цаг үргэлжилсэн шалгалтын явцад Туркийн цагдаа нар консулын хашаанаас хөрсний дээж авч, консулын байрны дотор хэт ягаан туяа ашиглан цусны ул мөр хайсан байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өө(27.123.214.2) 2018 оны 10 сарын 17

Цэвэрлэсэн л байж таараа

0  |  0
Top