Япон, Хойд Солонгос хоёр Улаанбаатар хотноо нууц уулзалт хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Япон, Хойд Солонгос хоёр улсын тагнуулын албаны төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд нууц хэлэлцээ хийлээ гэж Японы Киодо агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы засгийн газрын Тагнуул, судалгааны газрын дарга Сигэрү Китамура, Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын газрын албан тушаалтан Ким Сон Хэ нар аравдугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо уулзжээ.

Уулзалтаар талууд 1970-80-аад онд Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан гэгдэх Японы иргэдийг эх оронд нь буцаах асуудал, мөн Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэнэ. 

Тус хоёр улсын тагнуулын албаны төлөөлөгчдийн өмнөх нууц уулзалт зургадугаар сард Вьетнамд болсон аж. Токио, Пхеньян хоёр дипломат харилцаа тогтоогоогүй учир Гадаад хэргийн яамдын төвшинд харилцахад бэрхшээл тулгардаг тул тусгай албадын уулзалтыг идэвхжүүлж байна хэмээн үзэж байгаа аж.

Япон улс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Пхеньян хотноо тусгай товчоо нээхээр төлөвлөж буй гэнэ.

Сигэмүра Китамура нь Японы ерөнхий сайд Абэ Шинзогийн итгэлийг авсан хүн хэмээгддэг бөгөөд дотоод болон гадаад бодлогын нөхцөл байдал, нийгмийн цаг үеийн байдлын талаарх мэдээлэл цуглуулж, дүгнэн шинжлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Хойд Солонгосын талыг тэргүүлсэн Ким Сон Хэн нь Хойд Солонгосын хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын газрын төлөөлөгч бөгөөд тус тагнуулын газрын үйл ажиллагаа гол төлөв Өмнөд Солонгост чиглэгддэг гэнэ. Тус газрыг Ким Жон Уны баруун гар болох Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чхоль тэргүүлдэг.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.220) 2018 оны 10 сарын 19

nuuts nuuts heveeree ulddeg

0  |  0
Top