Аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын ерөнхий консулын газрын байр руу ороод алга болсон гэх Саудын иргэн, Washington Post сонины сэтгүүлч Жамал Хашоггитэй холбоотой хэрэг энэ долоо хоногт ч мөн дэлхийн нийтийн анхаарлыг төв байлаа. Хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги үхсэн байж болзошгүй хэмээн хүлээн зөвшөөрч, Туркийн цагдаа Хашоггийн цогцсыг Истанбул хотын ойролцоох ой зэрэг газраар эрэн хайх ажиллагааг эхлүүллээ. Трампын засаг захиргаа Риядыг өмгөөлөх өнгө аястай байр сууриа өөрчилсөн нь тус улсын сангийн сайд Стивен Мнучин Саудын нийслэлд болох хөрөнгө оруулалтын бага хуралд оролцохгүй гэж мэдэгдсэнээс илт байна. Түүнчлэн, Конгрессын зүгээс Вашингтонд шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах, зэвсгийн гэрээгээ цуцлах, тус улсын элчин сайдыг АНУ-аас хөөхийг шаардаж байна. Саудын Араб нь Вашингтоны хамгийн ойрын холбоотны нэг бөгөөд энэхүү хэрэг явдал Трампын засаг захиргааг хүнд байдалд оруулаад байна.
Хэрэг явдал ээдрээтэй байгаа энэ үед Washington Post сонин Хашоггийн алга болохоосоо өмнө бичсэн нийтлэлийг гаргалаа. Нийтлэлдээ тэрбээр Арабын ертөнцөд хэвлэлийн эрх чөлөө ямар байдалтай байгааг хатуу шүүмжилсэн байна. Энэ хэргээс болж Франц, Герман, Их Британи, Нидерландын төр, засгийн тэргүүн, сайд нар Эр-Риядад ирэх долоо хоногт болох хөрөнгө оруулалтын бага хуралд оролцохоос татгалзсан билээ.
* * *
Мухардалд ороод байсан Их Британи Европын холбооноос гарахтай холбоотой асуудал нааштайгаар шийдэгдэх хандлага гарлаа. Бельгийн Брюссель хотноо болсон Европын холбоо /ЕХ/ны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын удирдагчид Их Британи ЕХ-ноос гарах нөхцөлийг тохирох яриа хэлэлцээнд ямар нэгэн дэвшил гараагүй гэж үзэж байсан бол нэг хоногийн дараа талууд “салалтын гэрээ” байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Хоёр хоног үргэлжилсэн Брюсселийн дээд хэмжээний уулзалт хэдийгээр өөдрөг уур амьсгалтай болж өнгөрсөн ч ЕХ-ны удирдагид Тереза Мейг ямар нэгэн шинэ санаа дэвшүүлээгүй хэмээн шүүмжилсэн юм. Талууд Их Британийн ЕХ-ноос гарах тухай гэрээний нөхцөл, Умард Ирланд болон Ирландын хилийн асуудал, Их Британи, Европын холбоо хоорондын харилцааны хүрээ зэрэг асуудлаар тохиролцох шаардлагатай байгаа юм. ЕХ-ны зүгээс Их Британи хүсвэл Брекситийн дараах шилжилтийн үеийн хугацааг сунгахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
* * *
Хойд хөршид аравдугаар сарын 17-нд Керчийн политехникийн коллежийн оюутан сургуульд дээрээ гал нээж, дэлбэрэлт үйлдсэний дараа амиа хорлосон хэрэг гарлаа. Сүүлийн мэдээллээр, 21 хүн амиа алдсанаас 16 нь оюутан, тав нь коллежийн ажилтнууд байсан бөгөөд 68 хүн гэмтэл бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Болсон хэрэгтэй холбогдуулан Крымд гурван хоногийн гашуудал зарласан билээ. Хэргийн шалтгааныг тогтоох үүднээс халдлага үйлдсэн 18 настай В.Росляковыг сэтгэц, сэтгэл зүйн шинжилгээнд нөхөн оруулах аж. Хэрэг үйлдэхээсээ хэдэн хоногийн өмнө тэрээр сургуульд халдлага үйлдэж буй бичлэг үзэж байсан талаар халдалага үйлдсэн хүүгийн ээж нь ярьсан бөгөөд яагаад ийм бичлэг сонирхож буй талаар асуухад нь “Зүгээр л” гэж хариулж байжээ.
* * *
Намрын авиралтын улирал эхлээд буй энэ үед Гималайн ууланд авиралт хийж байсан Өмнөд Солонгосын таван уулчин, Балба гаралтай дөрвөн хөтөч цасан шуурганд өртөж, амиа алдсан хэрэг гарлаа. 3500 метрийн өндөрт байгуулсан тэдний кемп цасны нурангид өртсөн юм. Амь үрэгдсэн уулчдыг дэлхийн 14 ноён оргилд хүчил төрөгчийн баг хэрэглэлгүй гарч, рекорд тогтоосон Ким Чанг-хо ахалж байсан аж.
* * *
Намрын сэрүү унасан энэ өдрүүдэд арлын Япон оронд сакура цэцэглэсэн ховор тохиолдол боллоо. Хоёр долоо хоног цэцэглэдэг цагаан, ягаан өнгийн сакура цэцгийг харах гэж жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс Япон улсыг зөвхөн хавар цаг зорьдог. Гэвч аравдугаар сард сакура цэцэглэсэн нь олон удаагийн далайн хар улмаас сакура модны навчис газарт эрт унасан бөгөөд шуурганы дараа цаг агаар дулаан байсан учир сакура “хууртсан” байж болох гэнэ.
* * *
Япон, Хойд Солонгос хоёр улсын тагнуулын албаны төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд нууц хэлэлцээ хийснийг олон нийтэд ил болгосон мэдээг Японы Киодо агентлаг гаргалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Японы засгийн газрын Тагнуул, судалгааны газрын дарга Сигэрү Китамура, Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын газрын албан тушаалтан Ким Сон Хэ нар аравдугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо уулзжээ. Уулзалтаар талууд 1970-80-аад онд Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан гэгдэх Японы иргэдийг эх оронд нь буцаах асуудал, мөн Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэнэ.
* * *
Энэ долоо хоногт Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар анхны гадаад айлчлалаа эхэлж, эртний Египетийн “Үхэгсдийн ном” үйсэн дээрх бичиг 1.35 сая еврогоор зарагдаж, Израилийн засгийн газар Иордан голын баруун эрэгт еврейчүүдийн хороолол барихаар болж, Гитлерийн бэлгийн чин хандлагыг илчилж, алсыг ширтэж буй шантгар хамартай хоёр сармагчин дэлхийн шилдэг гэрэл зургаар тодорсон долоо хоног боллоо.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
chorgor yum mortloo aimar huchtei baidag amitan hun