ТОЙМ: Ази, Европ хоёр хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

 АСЕМ-ийн XII дээд хэмжээний уулзалт Белгийн Брюселль хотноо болж өнгөрлөө. Европ, Ази тивийн 51 улс орны төр, засгийн тэргүүн, Европын холбооны төлөөлөгчид болон АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон тус уулзалт “Европ ба Ази: дэлхийд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөөх дэлхийн түншлэл” сэдвийн дор боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийн хөгжлийн хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлд практик хамтын ажиллагааг урагшлуулах асуудлыг хэлэлцэж, дэлхийн болон бүс нутгийн тулгамдаж буй өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.

Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр даргын мэдэгдлийг баталж, Европ болон Ази тив хоорондын олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замыг тусгасан байна.

Эдийн засаг, худалдааны салбар

  • Европ болон Азийн удирдагчид нээлттэй эдийн засгийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Дэлхийн худалдааны байгууллага төвтэй худалдааны системийг дэмжих тал дээр санал нэгджээ. Түүнчлэн, Дэлхийн худалдааны байгууллагыг шинэ нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохирчээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ, Сингапур хоёр чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байна.

Харилцаа, хүмүүнлэгийн салбарт

  • Европ, Ази тив хоорондын харилцааг бэхжүүлэх асуудал дээд хэмжээний уулзалтын нэгэн гол сэдэв байлаа. Тив хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэх нь улс орон, үндэстнүүдийг улам бүр ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж, энэ хүрээнд боловсрол, солилцоо, хамтарсан судалгааны хөтөлбөрүүд болон аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай тохиролцжээ. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө буюу аравдугаар сарын 15-ны өдөр Европын зөвлөл Европ, Азийг холбох ЕХ-ны стратегийг баталсан бол Еврокомисс АСЕМ-ийн тогтвортой харилцааны порталыг энэ сард нээсэн юм.

Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого

  • Талууд зэвсэг үл дэлгэрүүлэх үзэл санааг дэмжихээ нотолж, Зүүн Ази төдийгүй, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах үүднээс Солонгосын хойгийг бүрэн, хяналттай, эргэлт буцалтгүй цөмийн зэвсгээс ангижруулахыг уриалсан байна. Ираны асуудлын хувьд, хоёр тив нь Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилготойг батлах Хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу цөмийн гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүний сацуу, хоёр тивийн удирдагчид Афганистан, Сири, Ойрх Дорнод, Умард Африк, Украин зэрэг халуун цэгт энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн, талууд цахим халдлагатай хамтран тэмцэх нь технологийг гэмт хэрэг, алан хядах зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нийлжээ.

Дэлхийн асуудлууд

  • АСЕМ-ийн XII дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр тивийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлуудад гол анхаарлаа мөн хандуулав. Дэлхий даяар үр нөлөө нь мэдрэгдэж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ хоёр тивийн улс орнууд дахин баталлаа. Түүнчлэн, байгаль орчинд заналхийлж буй аливаа аюултай хамтран тэмцэхээ илэрхийлжээ. Ази, Европын удирдагчид дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн гамшигтай тэмцэх чиглэлээр хамтын хүчин чармайлт гаргахаа амлалаа. Эцэст нь хоёр тив 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Үүнд залуучуудын оролцоо, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар дахь хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Бусад арга хэмжээнүүд

АСЕМ-ийн ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Ази, Европын эдийн засгийн форум, АСЕМ-ийн бизнес форум мөн АСЕМ-ийн урлагийн фестиваль боллоо.

АСЕМ-ийн гишүүн орнуудад дэлхийн худалдааны 55 хувь, дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн ДНБ-ийн 65 хувь, дэлхийн аялал жуулчлалын 75 хувь нь ногддог байна.

АСЕМ нь 1996 онд Европ, Ази тивийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд эгнээндээ 30 Европын, 21 Азийн улс орнууд, Европын холбоо, АСЕАН-ы нарийн бичгийн дарга нарын газрыг нэгтгэдэг. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнөх XI уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд болсон.

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Тэрбээр нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавьсан билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top