Японы Crazy компанийн ажилтнууд сайн унтаж амарсныхаа төлөө цалин дээрээ урамшуулал авдаг гэнэ. Тус компанийн захирал Казухико Морияма бүтэн шөнийн нойр авч, амарсан ажилтнууд илүү бүтээмжтэй байдаг гэдэгт бүрэн итгэдэг бөгөөд ийнхүү урамшуулдаг байна.
Долоо хоногийн таван өдөр, хоногт зургаан цаг унтсан ажилтан оноо цуглуулж, жилд 570 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй хоолыг компанийнхаа цайны газарт үнэгүй идэх эрх авдаг гэнэ. Ингэхдээ, өдөрт хэдэн цаг унтаж байгаа мэдээллийг Airweave компанийн тусгай аппликэйшн ашиглан авдаг аж.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Fuji Ryoki компанийн хийсэн судалгаанаас үзвэл хориос дээш насны япончуудын 92 хувь нь хангалттай нойр авч чаддаггүй байна. Хөдөлмөрийн хүчний хомсдол болон байгууллагынхаа төлөө бүхнийг зориулах итгэл үнэмшлээс үүдэн хэт ачааллаас болж үхэх тохиолдол Японд түгээмэл байдаг.
Нойрны урамшууллаас гадна Crazy компани ажилтнуудынхаа идэж буй хоолны шим тэжээл, биеийн дасгал, ажлын байран дахь өөдрөг уур амьсгал зэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг гэнэ.
Rand корпорацын явуулсан судалгаанаас үзвэл, хангалттай нойр авах нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг байна. Дутуу нойрноос болж АНУ-ын эдийн засаг жил бүр 411 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг бол Японд 138 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг тооцоо гарчээ.
“Би сая ажилтантай болохыг хүсдэг. Бусад хүмүүсийн хувьд солиотой мэт санагдах тэр зүйлийг би хиймээр байна”, гэж Морияма ярьжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )