БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр /2018.10.23/ дэлхийн хамгийн урт гүүрийг албан ёсоор нээлээ. Есөн жилийн турш баригдсан, 55 км урт тус гүүр Хонгконг арлыг Макао, эх газрын Хятадын Жухай хоттой холбох бөгөөд гүүрний нийт өртөг 20 тэрбум ам.доллар юм.
Газар хөдлөлт, далайн хар шуурганд тэсвэртэй энэхүү гүүрийг барихад 400 мянган тонн ган төмөр орсон нь 60 ширхэг Эйфелийн цамхаг барих хэмжээний төмөр гэнэ.
Гүүрний 30 км нь Сувдан голын адаг дээгүүр гарч байгаа тул усан онгоцыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд усан дор хоёр хиймэл арлыг холбосон 6.7 км туннель барьжээ.
Уг төсөл нь Хонгконг, Макао, их газрын Хятадын өмнөд зүгийн есөн хотыг багтаасан Их булангийн бүсийг байгуулах Хятадын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм. Энэ бүсэд 68 сая хүн оршин сууж байна. Урьд өмнө Жухай хотоос Хонгконг хүрэхэд дөрвөн цаг зарцуулдаг байсан бол гүүр нээгдсэнээр 30 минутын дотор очих боломжтой болжээ.
Дэлхийн хамгийн урт гүүрээр зорчихын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай ба тээврийн хэрэгслүүд хураамж төлнө. Эхэндээ гүүрээр өдөрт 29 мянган тээврийн хэрэгсэл өнгөрнө хэмээн тооцоолж байсан бол тус бүсэд тээврийн хэд хэдэн шинэ сүлжээ барьснаар энэ тоо харьцангуй багассан байна.
Гүүрийг барих явцад нийт 18 барилгачин амиа алдаж, олон зуун ажилчид бэртэл гэмтэл авсан гэдэг.
Түүнчлэн сүүлийн арван жил буюу энэ гүүр баригдах болсон цагаас эхлэн Хонгконг орчим үзэгддэг цагаан далайн гахайн тоо 148-аас 47 хүртэл буурч, гүүрний ойр орчимд огт үзэгдэхгүй болсон гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Хонгконг дахь салбарын мэргэжилтнүүд ярьжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Mongold delhiin hamgiin olon yandangiin shuultuur tavih gej bgaa sh de