АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон Москва хотноо хоёр хоногийн айлчлал хийлээ.
Айлчлалынхаа эхний өдөр тэрбээр ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзалт хийв. Таван цаг үргэлжилсэн уулзалтын үеэр талууд аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар Москва, Вашингтоны хоорондын яриа хэлээцээний хэтийн төлөвийг хэлэлцэж, терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх, хууль эрх зүйн салбар дахь Орос-Америкийн харилцааг сэргээх сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Стратегийн довтолгооны зэвсэглэлийн тухай гэрээг таван жилээр сунгах боломжийг хэлэлцсэний дээр хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал хандуулжээ.
Айлчлалынхаа хүрээнд Жон Болтон ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай мөн уулзжээ. Хоёр талын яриа хэлэлцээ аажмаар сэргэж буйг Шойгу онцлон тэмдэглээд энэхүү айлчлал хоёр улсын харилцааг тогтворжуулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Москва, Вашингтон хоёр дэлхийн олон асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэж чадна хэмээн тэрбээр хэлжээ.
Мөн өдөр Жон Болтон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав. Талууд Сири, Афганистан, Украин болон Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, стратегийн тогтвортой байдал, терроризмтой тэмцэх талаар санал солилцжээ.
Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Жон Болтоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлийг хянах асуудал, мөн АНУ-ын дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарахтай холбоотой асуудлыг хөндсөн байна.
Уулзалтын үеэр Жон Болтон Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын хэргийн талаар мэдээлэл хийсэн гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )