АНУ даяар тэсрэх бөмбөгтэй илгээмж тарсанд Трамп холбоотой юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтоны Нью-Йорк дахь гэрт өчигдөр /2018.10.24/ тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн талаар мэдээлэл гарсан. Клинтонд уг илгээмж ирсний дараа Вашингтонд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэрт мөн тийм илгээмж очсон байна. Удалгүй Нью-Йорк дахь “CNN” агентлагийн оффис руу мөн адил илгээмж иржээ. Түүнчлэн Ардчилсан намын хэд хэдэн гишүүний гэр болон ажлын байранд, Цагаан ордонд хаягласан тэсрэх бөмбөгтэй илгээмж очсон байна.

Тэрбумтан Жорж Соросын гэрт өнгөрсөн даваа гарагт мөн тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирсэн билээ. Мэргэжилтнүүд эдгээрийг илрүүлж, аюулгүй болгожээ. Шуудангаар илгээгдсэн тэсрэх бөмбөгүүд нь гар хийцийнх байсан аж.

Албаныхан хэн, хаанаас, ямар зорилгоор тэсрэх бөмбөгтэй илгээмж тараасныг тогтоохоор ажиллаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ийм хэрэг гарсанд харамсч буйгаа илэрхийлж “АНУ-д улс төрийн хүчирхийлэл оршин тогтнох орон зай байхгүй” гэж мэдэгджээ. Тус улсын зарим хэвлэлүүд дээрх хэрэгт Доналд Трампыг буруутгаж байгаа аж. Учир нь тэсрэх бөмбөг бүхий илгээмжүүд дандаа Трампын эсрэг байдаг хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Ардчилсан намынханд ирсэн байгаа юм. Түүнчлэн Конгрессын завсрын сонгууль болох гэж байгаа үед ийм хэрэг гарсан нь АНУ-ын улс төрийн хуваагдлыг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top