Гурван жил Сирид барьцаалагдсан Японы сурвалжлагч суллагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Гурван жилийн хугацаанд Сирид барьцаанд байсан Японы сурвалжлагч Жумпей Ясуда суллагджээ. Тэрбээр Турк улсаас өнөөдөр /2018.10.25/ өглөө нутгийн зүг ниссэн байна.

Ясуда 2015 оны зургадугаар сард Сирид иргэний дайн сурвалжлах зорилгоор очоод удалгүй алга болсон юм. 2016 оны гуравдугаар сард барьцаанд байгаа Ясудагийн бичлэг анх цацагдсан бөгөөд мөн оны тавдугаар сард “Надад туслаач, Энэ бол сүүлчийн боломж” гэж японоор бичсэн бичиг барьсан Ясудагийн гэрэл зураг нийтлэгдсэн юм. Энэ оны долдугаар сард мөн Ясудагийн дүрс бүхий бичлэг интернетэд тавигдаж байжээ.

Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга Японы засгийн газар Ясудаг суллахын тулд барьцааны мөнгө төлсөн гэсэн мэдээллийг няцаажээ. Хэдийгээр Ясуда хэрхэн барьцаалагдсан, суллагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа ч Сирийн босогчдын бүлэглэлүүдийн дунд нөлөө бүхий Катар, Турк улсууд яриа хэлэлцээнд зуучилсан хэмээн Ясуда өөрөө ярьсан байна.

“Бидний хүү эсэн мэнд суллагдсанд чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байна. Хүмүүст төвөг учруулсандаа уучлал хүсье” гэж 44 настай сэтгүүлчийн эцэг, эх хэвлэлээр дамжуулан илэрхийлжээ.


Японы гадаад хэргийн сайд Коно Таро Японы засгийн газар Катар, Турк улсуудтай нягт хамтран ажиллаж, иргэнээ амьд мэнд суллаж авахын тулд шаардлагатай бүхнийг хийсэн гэж мэдэгдээд, Катар, Туркийн засгийн газар болон хувь хүмүүст талархал илэрхийлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top