Францын “Хүн аалз” Лондон хотод ээлжит авиралтынхаа үеэр баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Францын ууланд авирагч, ямар ч бэхэлгээгүй өндөр барилга байгууламжид авирдаг “Хүн аалз” хочит Алейн Робер Лондон хотын “Heron” цамхагт амжилттай авирсан ч цагдаа нарт баривчлагджээ. Түүний авирахыг харахаар цугласан олон дэмжиж байсан ч цагдаа нар Лондон хотын журмыг зөрчсөн тул саатуулсан байна.

Алейн Робер 1994 оноос дэлхийн алдартай өндөр барилга байгууламжид авирч эхэлжээ. Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь “Бурж Халифа”, Малайзын “Петронас” ихэр цамхаг, Австралийн “Сидней хотын дуурийн театр”, Тайванийн “Тайпей 101” зэрэг томоохон барилгуудад авирч байсан. Английн Лондон хотод л гэхэд зургаан удаа авирч байсан юм.

Түүний төлөөлөгчийн мэдээлснээр Алейн Робер 1994 оноос хойш 120 удаа цагдаа нарт баривчлагджээ. Авирч байх явцдаа нийт долоон удаа бэртэж байснаас хамгийн аюултай бэртэл нь 1982 онд өндөр хаданд авирч байхдаа 15 метрийн өндрөөс унасан нь аж. Шагай болон бугуйдаа зургаан удаа мэс засал хийлгэсний эцэст тэрээр эсэн мэнд үлдэж чаджээ. Францын авирагч Алейн Робер өдгөө 56 настай бөгөөд “Оптимус”, “Самсунг”, “Синара” зэрэг групптэй сурталчилгааны гэрээгээр хэд, хэдэн авиралт үйлдсэн юм.


Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top