Японы ерөнхий сайд Абэ Шинзо,БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нар өнөөдөр /2018.10.26/ хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай тохирлоо.
Бээжинд болсон уулзалтын үеэр талууд хамгийн сүүлийн үеийн технологи, оюуны өмчийг хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хоёр талын яриа хэлэлцээг эхлүүлэх, санхүүгийн онцгой байдалд валютын своп шугамыг нээх талаар тохиролцоонд мөн хүрчээ. “Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа уруу шилжиж Япон-Хятадын харилцааны шинэ үеийг эхлүүлэхийг хүсч байна” гэж Абэ онцлон тэмдэглэсэн бол хоёр улсын харилцааг зөв урсгалд орж, хоёр талын харилцааг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлснээр харилцан ашигтай үр дүнд хүргэх сонирхлоо Ли Көцян илэрхийлэв. Ялангуяа, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ихээхэн сонирхол буйг тэрбээр нэмж хэллээ.
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Японы ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах юм. Японы ерөнхий сайд Хятадын төрийн тэргүүнийг ойрын үед Японд айлчлал хийхийг урьсан билээ.
Талууд чөлөөт худалдааг дэмжих, Солонгосыг хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон бөгөөд хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг болгон Японы тал панда хулсны баавгайг түрээсээр авах сонирхолтой байгаа аж.
Абэ Шинзогийн айлчлалын бүрэлдэхүүнд Японы гадаад хэргийн сайд Коно Таро, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Секо Хирошигэ болон өргөн бүрэлдэхүүнтэй бизнес төлөөлөгчид оржээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )