Өнгөрч буй долоо хоногт сүүлийн гурван долоо хоног хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн халуун сэдэв болж, янз бүрийн таамаг дэвшүүлсэн хэргийн зангилаа тайлагдаж Washington Post сонины сэтгүүлч, Саудын Арабын иргэн Жамаль Хашогги, консулын ажилтнуудын хооронд маргаан үүссэний улмаас алуулсан болохыг Саудын Араб хүлээн зөвшөөрлөө. Энэ хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, угсаа залгамжлах хунтайжийн ойрын туслахуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Энэхүү аймшигт гэмт хэрэг Саудын Арабын олон улсад эзлэх байр суурийг ганхуулж, томоохон улс орнууд, хөрөнгө оруулагчид тус улсад болсон Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга форумд оролцохоос татгалзахад хүргэв. Франц улс Лхагва гарагт Саудын Арабын эрх баригчид энэхүү гэмт хэргийн ард байсныг нотолсон тохиолдолд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Хашоггийн хүү Салах, ах Сахель нар Саудын Арабын хаан Салман болон ханхүү Мохаммед Салман нартай Эр-Рияд дахь Яамама ордонд уулзсаныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв. Ялангуяа, Хашоггийн хүү, ханхүү хоёрын гэрэл зураг олныг анхаарлыг ихэд татсан билээ. Аавыг нь зэрлэгээр хөнөөсөн хэрэгт холбоотой гэж дэлхий даяар сэжиглэж буй ханхүүгийн гарыг барих үед Жамаль Хашоггийн хүүгийн хутга мэт зүссэн харцны тухай дэлхийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд шуугин бичиж байв. Жамаль Хашоггийн том хүү Салах Хашогги гэр бүлийнхнийхээ хамт Саудын Арабаас АНУ-д очоод байгаа билээ.
АНУ ОХУ-тай байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарна гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлтэй холбогдуулан дэлхийн улс орнууд өөрийн байр суурийг илэрхийлэв. ОХУ-ын зүгээс АНУ-ын ерөнхийлөгчийн уг шийдвэрийг буруушааж, ийм байдлаар ОХУ-ыг сүрдүүлж, стратегийн салбарт буулт хийлгэхийг оролдож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ. Улс төр судлаачдын үзэж буйгаар, Вашингтоны энэхүү шийдвэр хэрэгжсэн тохиолдолд дэлхийд маш том үр дагаврыг дагуулахыг сануулж байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх явц бүрэн зогсох аюултай бөгөөд энэ тохиолдолд ихээхэн хэмжээний газар нутаг, ялангуяа, Европт тогтворгүй байдал үүсэх аюул нүүрлэх гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч энэхүү гэрээнд Хятад улс орох ёстой гэж мэдэгдсэн нь Хятад улсын дургүйцлийг хүргээд авав. Хятад улс Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнд орох талаарх асуудал дээр аливаа хэлбэрийн дарамт шахалтыг үл тэвчих бөгөөд АНУ-ыг гэрээнээс гарах тухай шийдвэр гаргахаасаа өмнө бодож байхыг уриаллаа.
Аравдугаар сарын 13-нд Гондурасын Сан-Педро-Сула хотоос гараагаа эхэлсэн дүрвэгсдийн цуваа улам бүр нэмэгдэж, Гватемалыг өнгөрөн, Мексикийн газар нутагт орж ирж, цааш АНУ-ыг зүг хөдлөөд байна. Тайван, аюулгүй байдал, ажил, илүү сайхан амьдралын эрэлд гарсан дүрвэгсдийг АНУ цэргийн хүчээр угтах бэлтгэлээ хийж эхэллээ. Мексиктэй хиллэдэг бүсийн орчим АНУ-ын үндэсний хамгаалалтын армийн 2000 цэрэг дайчлагдсан байгаа бөгөөд нэмж 800 цэргийнхнийг илгээхээр Пентагон зэхэж байна. Трамп болж буй үйл явдалд өөрийн өрсөлдөгчид болох ардчилсан намынхныг буруутгаж байгаа бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бүх зүйлд АНУ өөрөө буруутай талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр “АНУ л Төв Америкийг ядуурал, хямрал, харгислал руу түлхсэн. Цагаачлалын хямралын хариуцлагыг Америкийн капитализм хүлээх ёстой” гэсэн байна. Николас Мадуро АНУ-аас хүнлэг чанар гаргаж хилээ нээхийг гуйжээ. Түүнчлэн бөмбөг, пуужин бүтээхэд хөрөнгө зарцуулахын оронд Төв Америкийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүссэн байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-д тэсрэх бөмбөгтэй илгээмж авах хэрэг үргэлжлэн гарсаар. Анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтоны Нью-Йорк дахь тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсний дараа Вашингтонд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэрт мөн тийм илгээмж очсон байна. Удалгүй Нью-Йорк дахь “CNN” агентлагийн оффис мөн адил илгээмж авчэээ. Түүнчлэн Ардчилсан намын хэд хэдэн гишүүний гэр болон ажлын байранд, Цагаан ордонд хаягласан тэсрэх бөмбөгтэй илгээмж очсон байна. Тэгвэл хамгийн сүүлд жүжигчин, найруулагч Роберт Де Нирод тэсрэх төхөөрөмжтэй илгээмж иржээ. Түүнд хаягласан сэжиг бүхий боодолтой зүйл дотор тэсрэх төхөөрөмж байсан гэж цагдаа нар ярьсан байна. Уг хэргийг шалгаж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байденд ч тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн талаар Ардчилсан намын эх сурвалж мэдээлжээ.
Америк тивд нөхцөлд байдал ээдрээтэй болж байгаа энэ үед Солонгосын хойгт уур амьсгал улам бүр зөөлөрсөөр. Энэ долоо хоногт Хойд болон Өмнөд Солонгос “Эвлэрлийн хот“ хэмээн нэрлэгдэх болсон Панмүнжом хилийн аюулгүй бүс дэх зэвсгийг бүрэн хурааж, харуулын постудыг буулгалаа. Түүнчлэн Өмнөд болон Умард Солонгосын Батлан хамгаалах яам хоорондын уулзалтаар хамтарсан цэргийн зөвлөл байгуулахаар болж, зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Зөвлөлийг хоёр улсын Батлан хамгаалахын дэд сайд нар ахлах юм. Хамтарсан цэргийн зөвлөл хил орчмын маргааныг шийдвэрлэх, газрын тэсрэх бөмбөг болон зэвсэглэлийн тоог бууруулах чиглэлээр ажиллах юм.
Хятад, АНУ хоёр улсын хооронд худалдааны дайн хурцдаж, хоёр улсын харилцаа ширүүсч буй үед Японы ерөнхий сайд Абэ Шинзо,БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай тохирлоо. Талууд чөлөөт худалдааг дэмжих, Солонгосыг хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон бөгөөд хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг болгон Японы тал панда хулсны баавгайг түрээсээр авах сонирхолтой байгаа аж.
Энэ долоо хоногт дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орж, Титаник хөлгийн орчин цагийн хувилбар болох “Титаник II” ирэх 2022 онд анхны аялалдаа гарах нь тодорхой болж, гурван жил Сирид барьцаанд байсан Японы сэтгүүлч суллагдан, эх орондоо эсэн мэнд ирсэн таатай үйл явдал тохиосон бол Хатадад цэцэрлэгийн 14 хүүхдүүд рүү хутга барьсан эмэгтэй дайрч, гэмтээсэн хэрэг ч мөн гарлаа.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )