Би хүүгээ байгаагаар нь бүтэн хайрлана

2018 оны 10 сарын 29

АНУ-ын Спрингфилд хотноо жилийн өмнө гавлын ясгүй нэгэн хүү хорвоод мэндэлжээ. Ийм эмгэгтэй хүүхдүүд орчлонгийн нарыг үзэхээсээ өмнө эхийнхээ хэвлийд ихэвчлэн амьсгал хураадаг ч энэ хүү эцэг, эхийнхээ хайрыг мэдрэхээр ирсэн юм.

Түүний нэрийг Оуэн Мастерсон гэдэг. Эх нь жирэмсний 24 долоо хоногтойдоо эмнэлэгт очтол “Ургийн гавлын урд болон арын яс байхгүй. Харамсалтай нь, ураг хэвлийдээ амь алдах магадлал өндөртэй. Хоногоо гүйцээж төрөх боллоо гэхэд төрөлтийн явцад эндэх магадлалтай” гэж эмч нар хатуу үнэнийг хэлжээ. Эмч нарын хэлэх гээд байсан санаа бол “Үр хөндүүлэх” тухай байв.

Гэвч аз тохиож, эрүүл хүүхэд төрж магадгүй гэж найдсан ээж нь хорвоод ирэхээр тэмүүлсэн хүүдээ боломж өгөхөөр эрсдэлтэй алхмыг сонгожээ.


Хүүгийн аав Том Мастерсон сургуулийн эрхлэгч, харин ээж Жессика Мастерсон хэл ярианы эмч мэргэжилтэй ч одоо гэртээ сууж, хүүгээ хардаг. Тэд гурван жилийн өмнө хоёр настай охин үрчлэн авсан юм байна.

“Гавлын яс байхгүй учраас тархины ямар нэгэн согог өвчтэй байх магадлал өндөр” гэж анх эмч хэлэхэд Том ухаан алдан унажээ. Гэлээ ч тэд түрүүн хэлсэнчлэн эцсийг нь үзэхээр зүтгэсэн юм.


“Эмч нар хүүхдээ эртхэн авахуул гэж зөвлөсөн. Гэвч бид хоёр ярилцаад “Үгүй” гэсэн хариулт өгсөн юм. Бид хоёр ямар хүүхэд төрөх гэж байгааг төсөөлөөгүй нь үнэн. Гэхдээ бидэнд бурхан заяасан байхад буцаагаад явуулчихаж болохгүй гэж бодсон. Хүү минь хэдхэн минут, цаг, хоног амьдарсан ч хамаагүй бид хамтдаа байна гэж шийдсэн” хэмээн Жессика Мастерсон өгүүлжээ.

Төрөх өдөр, хоног дөхөх тусам Жессика улам их түгшин сандрах болжээ. Хүү хэвлийд хөдөлж буй нь мэдрэгдэнэ. “Хэрвээ төрөх явцад амиа алдчихвал яана аа. Хэвлийд минь ч болтугай амьдраад ав даа, үр минь” гэж хүүдээ шивнэдэг байж.


Сэтгэлийн гүнд “Эмч нар алдсан ч байх юм билүү” гэсэн горьдлого сүүмэлзэнэ.

Эмч нар шулуухан хэлдэг байлаа. Хүүхэд үхчихсэн байдалтайгаар төрж болно. Эсвэл төрмөгцөө үхэж мэднэ. Гайгүй төрлөө гэхэд шууд эрчимт эмчилгээний тасагт олон хоног байлгана гэх мэт хувилбаруудыг Том, Жессика хоёрт төрөлтөөс өмнө сайн гэгч нь хэлж өгчээ.

Гавлын ясгүй болохоор төрөлтийн явцад хүүхэд амиа алдаж магадгүй гэж эмч нар тооцож байв. Хүчтэй дүлэлт, таталтын явцад тархи гэмтэх магадлал маш өндөр.

2017 оны есдүгээр сарын 13-нд Оуэн хүү яг төрөх ёстой хугацаандаа төрлөө. Төрөх явц хүндэрсэнгүй. Өвдөлт өгснөөс хойш хоёр цагийн дотор л чарлах дуу нь сонстжээ.

“Тэр маань уйлсан. Тэр дууг сонсоод бид хоёр үнэхээр их баярласан. Бурхан минь, амьд байна, уйлж байна шүү дээ... гэж нөхөр маань хашгирсан. Дараа нь бид хоёр хүүгээ алдчихвий гэж айсандаа тэврээд л байсан. Хэдхэн минут ч болтугай хамт байхын тулд холдохыг хүсээгүй” гэж Жессика ярилаа.


Хором мөч өнгөрсөөр, хүүгийн бие хэвийн, үхлийн аюул холдсоор, сүүлдээ хэд хоногийн дараагаар Оуэн хүүгээ тэврэн гэртээ гарахаар болжээ.

Одоо Оуэн хүүгийн биеийг  олон  эмч  ээлжлэн хянаж, торддог. Жилийн хугацаанд ханиад хүрсэн ч дажгүй давчихаж. Оуэн хүү сууж, мөлхөж, хүчтэй хөдөлж чаддаггүй. Тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хөдөлдөг.

Нэг удаа хүүгийнхээ тархийг гэмтчихвий гээд тусгай дуулга өмсүүлжээ. Гэтэл Оуэн чангаар уйлсан тул таагүй, эвгүй байгааг нь ойлгоод дахин өмсгөөгүй гэнэ.

Оуэний хараа, сонсгол хэвийн. Хүн ойртоход жирийн л хүүхэд шиг мэдэрнэ, ээжийгээ дагаж инээнэ, хуруунаас нь бяцхан гараараа атгачихаад тавих дургүй. Зарим хүний дуу хоолойг дууриан хошигнох гэнэ. Гараараа элдвийн зүйл оролдож, үймүүлэх санаа агуулна.

“Энэ бол гамшиг биш шүү дээ. Ямар нэгэн шалтгааны улмаас манай гэр бүл энэ сорилтыг давах ёстой л болоо биз. Даваад гарна аа” гэж Том Мастерсон өгүүлсэн байна.

Оуэний инээд, баяр баясал, байгаа байдал олон хүнд амьдралд итгэх итгэл үнэмшил өгнө гэж эцэг эх нь боддог. 


“Мэдээж, ийм хүүхэдтэй байх амар биш. Гэвч би хүүгээ өөр ямар ч хүүхдээр солихгүй. Би хүүгээ байгаагаар нь бүтэн хайрлана” гэж Жессика өгүүлжээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бсүх(139.5.216.171) 2018 оны 10 сарын 29

Одоо дажгүй тархины хөгжил байдлыг ажиглаж байгаад хиймэл галын яс хийгээд бага зэрэг косметика мэс ажилбар хийхэд л ок болчихно. Болохгүй бол 2 үе шаттай хийхгүй юу .Сургуулийн насанд нь нэг насанд хүрч биеийн хөгжил зогсонги байдалд орохоор нь Мэдрэлийн систем нь эрүүл байгаа бол асуудал алга Мисс болгосон ч болно

0  |  0
аааа(59.153.84.70) 2018 оны 10 сарын 29

Энэ нийгэм чинь хэцүү нийгэм шүү дээ, хүнийг харагдах байдлаар нь ялгаварлан гадуурхана.том болохоороо сэтгэлийн хаттай байгаасай гэж хүсэх л юм байна.Мөн их болгоомжтой харьцахгүй бол нэг л унаад толгой цохиход л дуусаа

0  |  0
Т(194.230.155.235) 2018 оны 10 сарын 29

Эх хүн уяхан сэтгэлтэй тэгдэггүй юм. Энэ хүүхэд бас амьдрах эрхтэй.

0  |  0
зочин(202.21.118.90) 2018 оны 10 сарын 29

Жинхэнэ ээж аав хоёр.Мундаг сэтгэлийн тэнхээтэй улс юм.Хүний үр ямар ч муухай бай эхдээ хамгийн хөөрхөн гэдэг энэ.Тэгэхэд эрүүл саруул үрсээ зовоож байгаа хүмүүс ичиж амьдар.Хүний сайхнаас сур.

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 29

Хүүхдээ болон өөрсдийгөө зовоох гэсэн улсууд байна. Томрох тусам хүүхэд нь тарчилна. Шаал мангар

0  |  0
zochin(202.70.34.244) 2018 оны 10 сарын 29

Эвий гэж дээ . Сайхан сэтгэлтэй залуус байна аа. Дахиад эрүүл саруул сайхан үр хүүхэд заяан аа.

0  |  0
Top