Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Энэ долоо хоногийн эхний өдөр эмгэнэлтэй мэдээгээр эхэлсэн. Индонезийн “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX” онгоц сүйрч, 189 зорчигч бүгд амиа алдсан харамсалтай явдал боллоо. Онгоц Индонезийн нийслэл Жакартагаас Панкалпинанг хот руу хөөрөөд ердөө 13 минутын дараа сүйрчээ. “Boeing 737 MAX” сүйрсэн Ява тэнгисийн ёроолоос онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцос, эд зүйлсийг гаргаж авах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Ослыг одоогоор ямар нэгэн халдлага биш, осол болсон гэж дүгнэж байна. “Boeing 737 MAX” онгоц хяналтын дэлгэцнээс алга болохын өмнө нислэгийн багийнхан нисэх буудал руу буцаж очих зөвшөөрөл хүссэн нь тогтоогджээ.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2021 онд болох Германы Канцлерын сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдлээ. Тэрбээр 2021 оны сонгуульд улс төрийн бусад албан тушаалын төлөө ч өрсөлдөхгүй гэдгээ зарласан юм. Ангела Меркель мөн ирэх арванхоёрдугаар сард болох Христийн Ардчилсан холбоо намын даргын сонгуульд ч өрсөлдөхгүй. Тэрбээр намынхаа даргын албан тушаалаас огцрохоо зарлалаа.

АНУ болон Өмнөд Солонгос хамтран Хойд Солонгосын асуудлаар ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн. БНАСАУ-тай цаашид хэрхэн харьцахад баримтлах чиг хандлагыг зохицуулж, тус улсыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд дипломат хүчин чармайлт гаргана гэдгээ хоёр улс мэдэгдэж байгаа юм.

Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удахгүй Сөүлд айлчлах гэж байгаа талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн. Гэхдээ Кимийн айлчлал тов болон төлөвлөгөө нууц хэвээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай худалдааны асуудлаар тохиролцоо хийхийг хүссэн ч татгалзсан хариу сонсчээ. Тэрбээр Хятадын эсрэг дахин арга хэмжээ авахаа лхагва гарагт мэдэгдсэн. АНУ Хятадтай тохиролцоонд хүрч чадахгүй бол тус улсын 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин нэмэлт татвар ногдуулна.

Төв Америкийн орнуудаас 7000 цагаач АНУ-ыг зорин Мексик рүү очсон. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачдын цувааг хилээрээ нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй залгаа орших өмнөд хил рүүгээ 15 мянга хүртэлх тооны цэрэг илгээх боломжтойгоо мэдэгдсэн юм. Дүрвэгчид өчигдөр хил давахаар оролдож, цэргүүд рүү чулуу, мод, шил зэргийг шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүний хариуд цэргүүддээ чулуу шидсэн дүрвэгсэд рүү гал нээхийг зөвшөөрч буйгаа мэдэгдлээ. Өчигдрийн байдлаар дүрвэгсэд рүү гал нээсэн тохиолдол гараагүй ч цагаач нар АНУ-ын цэргүүд рүү чулуу шидэж гэмтээсэн тохиолдол олон гарчээ. Лхагва гарагийн байдлаар АНУ, Мексикийн хил дээр 7000 орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байжээ. Шаардлагатай тохиолдолд энэ тоо 15 мянга хүртэл нэмэгдэх юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удахгүй Итали улсад айлчлах тов гарчээ. Түүний айлчлалын гол зорилго нь Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийн уур амьсгалыг зөөллөх гэж ажиглагчид дүгнэж байна. Итали улс үүний тулд Путинийг эх орондоо урьсан аж. Европын холбооны удирдлагууд Брюссельд удахгүй хуралдаж, ОХУ-д тавьсан хоригоо цаашид хэрхэх талаараа зөвлөлдөх юм байна.

О.Чанцалдулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(66.181.161.44) 2018 оны 11 сарын 03

Bayrlalaa

0  |  0
Top