Японы сурагчдын дунд амиа хорлох тохиолдол сүүлийн гучин жилд гараагүй өндөр үзүүлэлттэй байна. Тус улсын боловсролын яамнаас явуулсан судалгаанаас үзвэл, энэ санхүүгийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 250 сурагч өөрийгөө егүүтгэсэн тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн жил 245 тохиолдол гарсан байна.
Хэдийгээр сүүлийн 15 жил амиа хорлох явдал тус улсад буурч байгаа ч сурагчдын дунд энэ үзэгдэл өсчээ. 1986 онд нийт 268 сурагчид амиа хорлосон нь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Японы боловсролын яамнаас мэдээлснээр, сурагчдын дунд амиа хорлох хэрэг их байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна. Үүний ард буй учир шалтгааныг тогтооход хүндрэлтэй хэмээн онцолжээ.
Дээрх 250 сурагчдаас 33 нь ирээдүйдээ итгэлтэй бус байна хэмээн ярьж байсан бол 31 нь гэр бүлдээ асуудалтай, 10 хүүхэд нь бусдад доромжлуулдаг байсан гэнэ. 140 хүүхдийн амиа хорлох болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.
2017 онд тус улсад амиа хорлох 21321 хэрэг бүртгэгдсэн бол хамгийн их буюу 34427 тохиолдол 2003 онд гарч байжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )