БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо 2018 оны аравдугаар сарын 30-нд "Бүс ба Зам" хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны форум болж өндөрлөлөө. Нийт 90 орчим орны 205 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судалгааны байгууллагуудын 256 оролцогчдыг нэгтгэсэн тус форум БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2013 онд дэвшүүлсэн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн хамтран ажиллах, энэхүү санаачилгын үзэл санаа, боломжийг дэлхий дахинд таниулан сурталчлахад чиглэгдсан юм. “Хамтын хувь нэмэр, хамтын хожил" сэдвийн дор болсон тус форум “Бүс ба Зам - бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Хиймэл оюун ухаан ба ухаалаг хэвлэл мэдээлэл”, “Торгоны замын соёлын хөгжил” гэсэн гурван гол асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга Жи Биньсуань форумыг нээж хэлсэн үгэндээ, "Бүс ба Зам" санаачилгаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгох, хамтын хөгжил дэвшил, хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлох нийгмийг цогцлоох Хятад шийдлийг санал болгож байна гэж онцлон тэмдэглэв.
Хэвлэл мэдээлэл нь энх тайван, хөгжил дэвшил, нээлттэй байдал, шинэчлэл, соёл иргэншлийн төлөөх Торгоны замын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэгтэй. "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа нь дэлхий нийтийн бүтээгдэхүүн бөгөөд "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтын түүхийг бичих, оролцох, сурталчлан таниулахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо нэн чухлыг оролцогчид чухалчилж байлаа. Иймээс энэхүү санаачилгын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж буй залуу сэтгүүлчдэд зориулж олон тооны мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.
Энэхүү санаачилга нь илүү нээлттэй хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар эдийн засгийн даяаршил, хөгжлийг түргэсгэх нэгэн арга зам. Харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих, хамтдаа хожих эрхэм зорилготой "Бүс ба Зам" нэгэн шинэ тутам загвар бус, харин хамтын оролцоо, хамтын шийдэл юм.
Эртний Торгоны зам дагуу Ази, Европ, Африк, Латин Америкийн улс орнуудыг холбосон худалдаа, дэд бүтцийн сүлжээг бий болгох зорилго бүхий энэхүү санаачилгад одоогоор 100 гаруй улс орон, олон улсын байгууллагууд нэгдэн оролцож байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс нийт 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, "Бүс ба Зам"-ын дагуух улс орнуудын худалдааны эргэлт 734 тэрбум ам.долларт хүрч, эдгээр улс орнуудад нийт 200 мянган ажлын байр шинээр бий болгожээ.
Энэ хугацаанд Хятад улс бүс болон зам дагуух улс орнуудад эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааны 75 бүсийг байгуулж, 25.5 тэрбум ам.долларын хөрөнгийг төвлөрүүлсэн байна.
Форумын үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Иордан, Мьянмар, Казахстан, Украин, Египет зэрэг улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Тэрбээр мөн Украины “2000” сонинд ярилцлага өгөв.
Тус форумыг Хятадын "Ардын өдрийн сонин" тав дахь жилдээ зохион байгуулжээ. Хятадын коммунист намын төв хэвлэл болох энэхүү сонин 1948 онд үүсгэн байгуулагдсан. 3.2 сая хувь хэвлэгддэг тус сониныг 1992 онд ЮНЕСКО дэлхийн топ арван хэвлэлийн нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнөөдөр 70 гаруй салбартай, 29 сонин, сэтгүүл, 38 цахим хуудас, 200 Weibo, Wechat эккаунт, 20 аппликэйшн, нийгмийн сүлжээний 50 эккаунтыг ажиллуулж байна. Нийт уншигч, дагалдагчдын тоо нь 786 саяд хүрчээ. Мэдээ, мэдээллээ хятад хэлнээс гадна гадаадын есөн хэл, үндэснийхээ цөөнхийн долоон хэлээр түгээдэг байна. Өдрийн хандалтын тоо нь 258 саяд хүрдэг аж.
Энэ удаагийн форум болсон Хайнань муж нь Хятадын хамгийн урд хэсэгт Өмнөд Хятадын тэнгист оршдог. Хайнань арлын хэмжээнд 154 голтой, бүгд далайд цутгадаг. Хайнань арал ургамал, амьтны нөөцөөр баялаг. Дөрвөн мянга орчим төрлийн мод, ургамал, 567 төрөл зүйлийн ан амьтантай.
Тус муж Хятадын хамгийн том, олон улсын аялал жуулчлалын төв юм. 2017 онд тус арал 67 сая гаруй жуулчин хүлээн авч, нийт 81 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ.
Үүнээс гадна, мужийн хэмжээний эдийн засгийн онцгой бүс болох Хайнанийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 446 тэрбум юань, нийт төсвийн орлого 67 тэрбум юаньд хүрчээ /2017/.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )