Дунд хугацааны сонгууль гэнэтийн бэлэг барьсангүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Арваннэгдүгээр сарын зургааны өдөр болсон АНУ-ын дунд хугацааны сонгуульд ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал аваад байгаа бол Сенатын танхимд бүгд найрамдахчууд олонхийн суудлаа хадгалж чадлаа.

Сүүлийн найман жилд анх удаа ардчилсан намынхан Конгрессын доод танхимд ийнхүү олонх болж байна.

Санал хураалтын албан ёсны дүн одоогоор зарлагдаагүй байгаа хэдий ч ардчилсан намынхан Трампын засаг захиргааны үйл ажиллагаа, татвар болон эрх ашгийн зөрчил зэрэг асуудлаар шалгалт хийх боломжтой болж байна. 

Анхдагч эмэгтэйчүүдийн ялалтаар дүүрэн сонгууль 

Энэ удаагийн сонгууль хамгийн их эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдсөн нь онцлог болов.  Нью Йоркийн ардчилсан намын Александриа Окасио-Кортез 29 насандаа Конгресст сонгогдсон анхны хамгийн залуу эмэгтэй гишүүн болов. Мөн тус намаас дэвшсэн Илхан Олмар, Рашида Тлэйб нар Конгресст сонгогдсон анхны лалын шашинтай эмэгтэй гишүүд болж, Миннесота, Мичиган мужуудын түүхэнд бичигдэж байна. Түүнээс гадна, ардчилсан намаас дэвшсэн Шэрис Дэвидс, Дебра Хааланд нар Конгресст сонгогдсон анхны уугуул Америк эмэгтэйчүүд боллоо. Тулааны урлагт хүч сорьж байсан Шэрис Дэвидс Канзас мужаас сонгогдсон ижил хүйстнүүдийн анхны төлөөлөгч болов. 

Мөн түүнчлэн, Аяна Пресслий Массачусетс мужид ялалт байгуулсан анхны хар арьст эмэгтэй гишүүнээр тодорчээ. 

Урьдчилсан дүнгээс үзвэл, Конгрессын дээд тахим буюу Сенатын танхимд бүгд найрамдахчууд олонхийн суудал авсан байна. Бүгд найрамдах намын дөрвөн гишүүн ардчилсан намд суудлаа алдаад байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top