Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг шүүмжлэн бичдэг сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрсөн аравдугаар сарын 2-нд амиа алдсан билээ. Тэрээр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт амиа алдсан нь тогтоогдсон. Саудын Арабын зүгээс энэ хэргийг зохион байгуулалттай гэж үзэж байгаа юм. Сэтгүүлчийн цогцос олдоогүй байгаа билээ.
Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 10-нд Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөх үеийн бичлэг олдсон гэж мэдэгджээ. Эрдоганы хэлж байгаагаар аллагыг Саудын Арабын өндөр албан тушаалын хүмүүс захиалсан байна. Түүнчлэн сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг мөрдөж буй багийн ахлагч “Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт түүний сүүлчийн мөчийг бичсэн бичлэг олдсон. Жамаль Хашогги “Намайг боож байна, энэ уутаа миний толгойноос ав. Би клаустрофобиа (харанхуйгаас айх эмгэг)-тай” гэж хэлж байгаа нь бичигдсэн байсан” гэж ярьжээ.
Туркийн “Daily Sabah” сонинд мэдээлснээр алуурчин сэтгүүлчийн толгойг нь уутаар бүтээж, хоолойг нь боож хөнөөсөн нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаагчийн хэлснээр аллага долоо орчим минут үргэлжилжээ. Жамаль Хашоггийг хөнөөсөн хүн нь Саудын Арабын Консул Салах ал-Тубайгу гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Сэтгүүлчийг Консулын газарт орж ирэхээс өмнө шалыг гялгар уутаар битүү бүтээсэн байсан аж. Энэ нь хэргийн ул мөрийг баллах зорилготой байсан, мөн Консулын газрын байрнаас хүчлийн ул мөр илэрсэн гэх мэдээлэл бий. Сэтгүүлчийн цогцсыг хүчилд уусгасан байж магадгүй аж.
Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өнөөдөр Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөх үеийн аудио бичлэг байгааг баталжээ. Тэрбээр “Канадын тусгай алба дээрх бичлэгийг Туркийн албаныхантай хамтран шалгаж байна. Бид бичлэгтэй бүрэн танилцсан” гэсэн байна.
Саудын Арабын зүгээс өнгөрсөн сарын 20-нд Жамаль Хашшоги Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт болсон үймээний үеэр амиа алдсан гэж мэдэгдсэн. Удалгүй Эр-Риядын зүгээс сэтгүүлчийн аллагыг урьдчилан төлөвлөгдсөн хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )