АПЕК-ийн удирдагчид түүхэнд анх удаа нэгдмэл байр сууринд хүрсэнгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

АПЕК-ийн түүхэнд анх удаа Ази, Номхон далайн 21 улс орны удирдагчид нэгдмэл байр сууринд хүрч, хамтарсан тунхаг бичиг гаргаж чадсангүй. Энэ нь БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны болон бусад асуудлаар хагарал үүссэнтэй холбоотой.

Уламжлалт хамтарсан тунхаг бичгийн оронд Папуа Шинэ Гвиней улс гишүүн орнуудын нэрийн өмнөөс Хурлын даргын мэдэгдэл гаргана гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо худалдааны асуудалтай холбоотой үзэл бодлын зөрчилдөөн үүссэний улмаас хамтарсан тунхаг бичгийн талаар бүрэн дүүрэн зөвшилцөлд хүрч чадаагүй хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Анх удаа Папу Шинэ Гвиней улсад болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын хэлсэн үг АПЕК-ийн улс орнуудыг хуваагдахад хүргэв. Пенс жижиг улс орнуудыг Хятад улсын "Бүс ба Зам" дэд бүтцийн хөтөлбөрт хууртахгүй байхыг анхааруулж, АНУ харин түнш орнуудаа “Өрийн далайд живүүлж, тусгаар тогтнолд нь заналхийлдэггүй” гэж өөрсдийгөө тодотгоод, АНУ-тай хамтран ажиллахыг уриалав.  

Хятадын удирдагч Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Бүс ба Зам" санаачилга бол ямар нэгэн “занга” биш, “далд зорилго” агуулаагүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр, “Эхлээд Америк” гэсэн худалдааны протекционист буюу хамгаалах бодлогыг буруушаасан байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар оролцоогүй юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top