Нью Йорк хотын захирагч асан, тэрбумтан Майкл Блумберг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуульд 1.8 тэрбум ам.доллар хандивлажээ. The New York Times сонинд бичсэнээр, энэхүү хандивыг тэрбумтан санхүүгийн боломжгүй ч, авьяаслаг залуучуудын их сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өгч байгаа гэнэ.
The Wall Street Journal сэтгүүлийн судалгаанаас үзвэл, энэхүү их сургуулийн төгсөгчдийн 44 хувь нь дунджаар 24 мянган ам.долларын өртэй сургуулиа төгсдөг байна. Блумбергийн шийдвэрээс өмнө тус их сургуулийн хандивын дансанд 3.8 тэрбум ам.доллар хуримтлагддаг байсан бол Харвардын их сургуулийн хандивын дансанд 36 тэрбум ам.доллар орж ирдэг байна. Тэрбумтны энэхүү хандив АНУ-ын судалгааны байгууллагуудын түүхэн дэх хамгийн их хэмжээний нэг удаагийн хандив болж байгаа бөгөд нийт 53 их дээд сургууль, коллежийн хандивын сангийн нийт хэмжээнээс давж байгаа аж.
76 настай тэрбумтан 2002-2013 онуудад Нью Йорк хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд санхүүгийн мэдээллийн Блумберг агентлагийн үндэслэн байгуулагч, буяны үйлсээрээ алдартай нэгэн билээ. 2017 онд Блумберг нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрт зориулж 50 сая ам.доллар хандивлажээ. 2018 оны нэгдүгээр сард Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 50.8 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )